УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “НӨАТ төлөх үүрэггүй буюу 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийг төрийн байгууллагаас кассын машин ав гэж дарамтлахгүй гэдгээ амалсан. Тиймээс жижиг бизнес эрхлэгч хүмүүс санаа зовох хэрэггүй. Хэрэв дарамт шахалт үзүүлбэл Өргөдлийн байнгын хороонд мэдээлэх хэрэгтэй. Да хүрээ захыг нүүлгэх асуудлаар иргэдээс багагүй хүсэлт, гомдол ирж байгаа. Өргөдлийн байнгын хорооны зүгээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед 10 мянган хүний ажлын байрыг бий болгож байгаа захыг нүүлгэх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Шинээр баригдаж байгаа зах нь мөн олон талаар шаардлага хангахгүй байгаа гэсэн. Хотын удирдлагуудтай уулзаж “Захуудыг нүүлгэн шилжүүлэх бужигнуулах асуудлыг түр азнаач, иргэдэд нөхөн олговор олгохгүй байж хэвийн амьдралыг нь битгий хөндөөч” гэж хэлсэн. Энэ сэдвээр ирэх долоо хоногт УИХ дээр нээлттэй сонсгол хийхээр болсон” гэлээ.
эх сурвалж:zaluu.com