“Та байгалийн гамшгийн үед авах арга хэмжээг хэзээ ч бүрэн гүйцэд төлөвлөж чадахгүй. Гэхдээ төлөвлөөгүй зүйлдээ ч бэлэн бай” хэмээн өнгөрсөн жил Балбад газар хөдлөх үед эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон хүмүүнлэгийн тусламжийн ажилтан анхааруулав. Балбын ард түмний дундаас 8848 хүнийг (Эверестийн оргилын өндөртэй энэ тоо адилхан юм) зуурдаар авч одсон уг гамшгийн үед авсан арга хэмжээ, туршлага, цаашид анхаарах зүйл, сургамжаа Америкийн Номхон далайн цэргийн командлалынхан монголчуудтай хуваалцаж буй нь “Говийн чоно-2016”-гийн нэг онцлог. АНУ-ын ЭСЯ, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ хамтран 2009 оноос хойш тав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү олон улсын сургалт, дадлагыг газар хөдөлбөл бэлэн байхын тулд явуулж байгаа юм. Газар хөдлөх үед шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх, аврах ажиллагааг нэг ч хором алдалгүй зохион байгуулах, хор уршгийг нь арилгах дасгал сургуулилтыг Улаанбаатараас гадна Орхон аймагт зэрэг хийж буйгаараа онцлогтой.
Монголд газар чичирхийлэх давтамж нэмэгдэж, тэр дундаа хүн амынх нь гуравны хоёроос илүү нь амьдардаг Улаанбаатар аюултай бүсэд оршиж байна. Улаанбаатараас 300 км-т газар хөдлөлийн дөрвөн том хагарал буюу голомтот бүс байдаг. Харин “Эрдэнэт үйлдвэр” долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийдэг нь Орхон аймагт энэ гамшиг нүүрлэх эрсдэл дагуулдаг тул онцгой нөхцөл үүсэхэд хариу арга хэмхээ авах үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхыг үнэлж буйгаараа уг дадлага ач холбогдолтой.
Гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцож буй “Говийн чоно-2016” энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ. Өчигдөр туршлага солилцох уулзалт, гол гол хэлэлцүүлэг өрнүүлж, Балбын бодит жишээн дээр тулгуурлан ярилцсан бол өнөө, маргааш танхимын болон хээрийн дасгал сургуулилтаа Улаанбаатар хот, Орхон аймагт нэгэн зэрэг зохион байгуулах юм. Түүнчлэн АНУ-ын Аляск мужид энэхүү дасгал сургуулилт мөн зохиогдож байгаа бөгөөд Монголын төлөөлөгчид тэнд оролцож буй. “Байгалийн гамшгийн хор уршгийг нэг улс дангаараа даван туулах гэж зүтгэхээ больсон. Тухайн орны гамшгаас хамгаалах бэлэн байдлын чадавхаас үл хамааран олон улсын түвшинд энэ асуудлыг авч үзэж, хүмүүнлэгийн тусламж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг болсон. Тиймээс бид энэ дасгал сургуулилтаар дамжуулж, гамшгийн үед Америкийн Номхон далайн цэргийн командлалтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ тодорхойлж, өмнөх төлөвлөгөөгөө тодотгоод явдаг” хэмээн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал онцлов.
Байгалийн болзошгүй гамшиг тохиолдсон үед хэвлэл мэдээллийнхэн эерэг, бодитой мэдээлэл түгээж, эндүүрэл, төөрөгдөл үүсгэхгүй байх нь эх орон, ард түмэндээ оруулж буй хувь нэмэр гэдгийг Балбын туршлага харуулжээ. Хэлж бус, хийсч ирдэг байгалийн гамшиг хүсэх, зөгнөх эд биш ч гарцаагүй тулаад ирсэн үед даваад гарах тэнхээтэй ард түмэн, чадавхтай улс орон, гадаад ертөнцөд харилцаа холбоотой байх хамгаас чухал гэдгийг балбачууд үлгэрлэсэн гэлтэй.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин