Сүүлийн жилүүдэд Монгол улсад мах, чацаргана, ноос, ноолууран эдлэл зэрэг экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч байгаа. Тиймээс ч гадаадын зах зээлд аливаа бараа бүтээгдэхүүнийг гаргахад лабораториор үнэлүүлдэг бөгөөд эдгээр үнэлэдэг лабораторийн байгууллагууд өөрсдөө хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн байх шаардлагатай байдаг. Ялангуяа итгэмжлэлийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх нь гадаадын зах зээлийн үнэлгээ буюу олон улсын түвшинд шууд хүлээн зөвшөөрөгдөх ач холбогдолтой юм.
Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ) нь Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу Засгийн газрын нэрийн өмнөөс улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, техник технологийн дэвшил, аюулгүй байдлыг хангахад үндэсний итгэмжлэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.
Энэ хүрээнд СХЗГ 2004 онд Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), 2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-д Монгол улсаа төлөөлөн гишүүнээр элссэн.
Ингээд 2012 онд APLAC-д ижил түвшний үнэлгээ хийлгүүлж сорилт, шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлийн төрлөөр ILAC-д гишүүнчлэлтэй 86 гишүүн орны итгэмжлэлийн байгууллагын олон талын хүрээнд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т нэгдэн орсон аж.
Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдсэн юм. Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд сорилт, хэмжилт гүйцэтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг шууд хүлээн зөвшөөрснөөр гадаад зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг хангахад өндөр ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар Геологийн төв лаборатори, Эрдэнэт үйлдвэр ХХК, “Ханлаб” ХХК зэрэг байгууллагууд сорилтын тайланд үндэсний итгэмжлэлийн тэмдгийг ILAC-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-ийн тэмдэгтэй хослуулан хэрэглэж, импортлогч тал нь давтан сорилт гүйцэтгэхгүйгээр шууд хүлээн зөвшөөрч байна.
Олон улс, бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан журмын дагуу бүс нутгийн итгэмжлэлийн байгуулллагууд 4 жил тутам ижил түвшний давтан үнэлгээнд хамрагддаг ба СХЗГ нь сорилт, шалгалт тохируулгын төрлөөр Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурагчийн статусыг хадгалах, техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр хүрээгээ өргөтгөхөөр хүсэлт гаргасан. Энэ удаагийн үнэлгээг APLAC-аас томилогдсон 4 хүний (Канад, АНУ, Солонгос, Австралийн итгэмжлэлийн байгууллага) бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 4-р сарын 11-16 өдрүүдэд тус байгууллага дээр ажиллана.
Энэ ижил түвшний үнэлгээнд Монгол улсын итгэмжлэлийн тогтолцоонд оролцогч итгэмжлэлийн байгууллага, шийдвэр гаргагчдаас гадна тохирлын үнэлгээний байгууллагуудыг төлөөлж, сорилтын төрлөөр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, ШУТИС-ийн Хүнс судлалын төв, “Ар Си Инспекшн Монголиа” ХХК, “Вагнер Азиа” ХХК, шалгалт тохируулгын лабораториудаас СХЗГ-ын Хэмжилзүйн бодлого, эталоны газрын шалгалт тохируулгын лабораториуд, “ДЦС-4” ТӨХК-ийн хэмжилзүйн лаборатори, техникийн хяналтын Лайнюкс ХХК, “ДЦС-4” ТӨХК зэрэг байгууллагууд оролцох бөгөөд СХЗГ-ын үнэлгээний тэргүүлэх мэргэжилтэн, салбарын чадварлаг, туршлагатай шинжээчдээс бүрдсэн 31 хүн дээрхи байгууллагуудад үнэлгээ хийх юм.
Эх сурвалж http://www.info.mn