Б.Жагар: Сонгуулийн өмнөх хэлмэгдүүлэлт эхлэж байна

12654495_102209343498701_4590146451322180649_n

2012 оны 04 сарын 12-13 ныг шилжих шөнө  МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт хүчнийхэн халдаж, баривчилж байсан. Намын даргаа  өнгөрсөн хугацаанд хэлмэгдсэн гэж үзэж буй гишүүд дэмжигчид нь МАХН-ын төв байрны өмнө өнөөдөр жагсаж байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга Б.Жагараас тодрууллаа.

– Танай намын дарга Н.Энхбаярыг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр  баривчилж байсан юм байна. Өнөөдрийн жагсаал тэр өдрийн баривчилгаатай холбоотой юу?

– Тиймээ одоогоос  дөрвөн жилийн өмнө дөрөвдүгээр сарын 12-13 нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар хэлмэгдүүлэн баривчилж байсан. Энэ өдрийг Монголын ард түмэн мартаагүй байна. Энэхүү улс төрийн хэлмэгдүүлэлт өнөөдөр ганц МАХН-ын дарга Н.Энхбаяраар зогсохгүй Монголын бүх ард түмэнд дарамт шахалт үзүүлэж буй хэрэг болж байна. Долдугаар сарын нэгэнд болсон үйл явдалд холбогдуулан олон аавын хүүхдийг хоморголон баривчилж байсан. Яг энэ үйлдэл дахин давтагдсан. Өөрөөр хэлбэл эх орныхоо төлөө дуугарсан хүмүүс, байгалийнхаа баялгийг гадныхантай биш өөрийн ард түмэндээ хуваалцаж, эх орныхоо эдийн засагт томоохон бааз суурь бий болгохыг зорьж байгаа хүмүүсийн эсрэг хийгддэг компанит ажил нь сонгууль дөхөх энэ үед улам эрчимжиж байгааг хэн хүнгүй харж байна.

– Сонгууль дөхөхөөр хийгддэг гэлээ. Тэгвэл таны хэлж буй энэ хэлмэгдүүлэлт хэний захиалгаар явагдаж байна вэ гэдгийг ард түмэн мэдэхийг хүсч байна?   

– Энэ нь мэдээж, монголоо гэх сэтгэлгүй, дотоодын болон гадаадын улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эх орны баялгийг ард түмнээс хараат бусаар ашиглах гэсэн зорилготой үйлдэл юм. Энэ үйлдэл нь намуудын удирдлагаар зогсохгүй одоо бүр нам дотроосоо нэгнээ хардаж сэрдэж, хэлмэгдүүлж эхэллээ. Энэ нь ард түмэнд “Нурах байшин дотроосоо” гэдгийг харуулж байна. Сонгууль болох энэ үед ард түмний итгэл олсон хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлэн харлуулах үйлдэл гаргаж байгаа нь ард түмэнд муухай харагдаж байгааг мэдэж баймаар юм. Эрх мэдэл, өнгө мөнгөнөөс болж хэнийг ч юунд холбогдуулахыг таашгүй.  Дөрвөн жилийн өмнө Н.Энхбаяр даргыг ард түмэнд хэрэг хийсэн хүн болгож харагдуулах мессэжийг өгч байсан. Тухайн үеийн үйл явдлыг хэлмэгдүүлэлт гэдгийг ард түмэнд ойлгуулах, танин мэдүүлэх гэж намын гишүүд дэмжижгчид өдийг хүрч байна. Гэтэл өнөөдөр үнэн бодитоор баталлаа. Хууль хүчний байгууллагуудыг ашиглан удаа дараа ийн бусармаг үйлдэл хийж байгаа нь 21 дүгээр зууныг хэлмэгдүүлэлтийн зуун болгож байгааг батлаж байгаа хэрэг юм.

– Өнөөдөр үнэн бодитоор баталж байна гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд халдсан явдлыг яриад байна уу?

-Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байгаа ч юм шиг, шалгах гэсэн ч юм шиг, дарамтлаад байна уу гэхээр ойлгомжгүй үйлдлийг ард түмэн өөр өөрийн өнцгөөр харж байна. Өнөөдөр ард түмнийг жагсаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хясаж, боогдуулж байгаа нэг хэлбэр нь бололтой. Н.Энхбаяр, Х.Баттулга, Нүүрс хөтөлбөрт холбогдолтой Л.Гансүх, нягтлан Б.Мөнгөнтуяа гэх зэрэг олон хүний хэлмэгдүүлэлт нь  Монголын нийгмийг эрүүл бус болгож буй хэсэг бүлэг хүмүүсийн бусармаг үйлдэл гэдэгт илт харагдаад эхэллээ шүү дээ.

– Танай намд одоо ямар дарамт байна вэ?

– Манай намын дарга Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтээр хүч хэрэглэж баривчилж байсан. Одоо бүр МАХН-ын тойргоос нэр дэвших нэр бүхий хүмүүс  болон намын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байх байр суурьтай байна. Энэ бол ард түмний шийдэх сонголт. Манай нам “сонгуулийн хувьсгал болон хөгжлийн хувьсгал хийе” гэж ард түмэндээ уриалж байгаа. Сонгуулийн хувьсгал хийснээр 20 дүгээр зууны хар сүүдэр болсон хэлмэгдүүлэлт арилж, хариуцлага бий болох юм. Хариуцлага бий болсноор нийгэм эдийн засгийн хөгжил нэмэгддэг. Тун удахгүй Монголын ард түмэн сонгуулийн хувьсгалыг хийх гэж байна. Манай намын гишүүд дэмжигчид даргаа хэлмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа ард түмэнд дахин баталгаажуулан мэдүүлэх зорилгоор өнөөдөр намынхаа төв байрны өмнө жагсаал хийж байна. Хэлмэгдүүлэлтийн эсрэг ард түмнийг хамтдаа байхыг уриалж байна.

– Ард түмний улс төр, намуудад хандах хандлага буурсаар л байна. Танай намд хэр итгэл үзүүлж байна?

– Өнөөдөр улс төрийн дээд албан тушаал хашч байсан өөрөөр хэлбэл Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын эрхэд хууль бусаар халдаж баривчилсан өдөр гэдгийг дахин сануулья. Түүнийг Монгол улсын их өр тэглэсний төлөө л биш бол юунд буруутгаж хэлмэгдүүлэж байгаад ард түмэн эргэлзэж эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн дор бүрнээ ажиглаж байгаа байх. Тиймээс хоёрхон сарын дараа ард түмэн сонгуулийн хувьсгал хийх болно. Харамсалтай нь улс төрчдийн үнэн мөнийг олж харсан ард түмний сонголтод хаалт, боолт хийж буй нэг хэлбэр нь энэхүү сонгуулийн өмнөх хэлмэгдүүлэлт гэж ойлгож болно. Монголын 3 сая иргэн бүгд хэлмэгдэж байна. Ийн хэлж буйн учир нь нэг хүнд ноогдох өр 15 сая төгрөгт хүрсэн гэдгийг бүгд мэдэж дургүйцлээ илэрхийлж байгаа. Энэ бүхний эсрэг шинэ сонголт хийхээр ард түмэн ч яарч байгаа байх. Эцэст нь хэлэхэд одоо улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоож “МАХН болон намын дарга Н.Энхбаярт улс төрийн эрх олгооч” хэмээн иргэнийхээ зүгээс хүсч байгаагаа илэрхийлмээр байна.

Х.Баяр-Угтах

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …