Хүн бодох сэтгэхээ болих тусам тархины ажиллагаа муудаж эхэлдэг. Энэ нь яг биеийн дасгал хийх, спортоор хичээллэхтэй адилхан. Хэрвээ тархины дасгал хийхгүй байсаар байвал хөгшрөх үед тархины хэмжээ агшдаг гэнэ.
Тэгвэл эрдэмтдийн тодорхойлсон хамгийн энгийн тархины дасгалуудыг танилцуулж байна.
ТАРХИНДАА САНАА ТАВИХЫН ТУЛД БИЕДЭЭ САНАА ТАВИХ
Хэрвээ тархиа хөгжүүлэхийг хүсвэл биеэ хөгжүүлэх хэрэгтэй. Судлаачдын олж тогтоосноор байнгын дасгал хөдөлгөөн хийдэг, зохистой хоол хүнсний хэрэглээтэй хүний оюун ухаанд хөгшрөлтийн процесс бага явагддаг.
Дасгал хийснээр илүү ухаантай болж, бүр мэдрэлийн шинэ эсүүдийг тархинд үржүүлдэг гэнэ.
АМЬДАРДАГ ХОТЫНХОО ГАЗРЫН ЗУРГИЙГ ЦЭЭЖЭЭР ЗУРАХ
Нүдээ аньж байгаад амьдардаг газрынхаа гудамж, талбай, байшин барилгын байрлалыг бодож төсөөл. Түүнийгээ цаасан дээр буулгаж зурагла. Дууссаныхаа дараа зурсан зургаа жинхэнэ газрын зурагтай харьцуулж шалгаарай. Хэрвээ энэ нь хэт амархан санагдвал төдийлөн танил бус газрыг, тухайлбал Европ тивийг улс улсаар нь зурж нэр усыг нь тэмдэглэж болно.
Энэ бол оюун ухааныг хөгжүүлэх үр дүнтэй дасгалуудын нэг.
ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ
Ямар нэг шинэ зүйл сурах нь тархины хамгийн сайн дасгалуудын нэг гэнэ. Судлаачид олон хүний дунд туршилт явуулахад шинэ ур чадварт суралцаж байгаа хүмүүсийн ой тогтоолтын сорилын үр дүн илүү үнэлгээтэй гарч байжээ. Ингэхдээ гадаад хэл сурах, хөгжим тоглож сурах, гэрэл зураг авах зэрэг ямар нэгэн цоо шинэ зүйлд суралцахад тархийг байнга амьд байлгадаг юм.
СОЛГОЙ ГАРААР АЖИЛЛАХ
Таны аль ч гар давамгайлдаг байсан хамаагүй эсрэг/солгой гараараа ямар нэг зүйлийг хийх гэж оролдох нь тархины үйл ажиллагаанд маш сайн гэнэ.
Тухайлбал та баруун гараар бичдэг бол заримдаа зүүн гараараа бичих гэж оролдох, эсвэл хоол идэхдээ зүүн гараараа халбагаа барих гэх мэтээр эсрэгээр нь хийж үзэж байх хэрэгтэй.
Ингэхэд мэдээж маш хэцүү. Гэвч тархинд энэ нь маш сайн дасгал болж өгдөг.
ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦАХ
Нийгмийн идэвхитэй, олон хүмүүстэй харилцдаг хүмүүс ой санамжтай холбоотой өвчин, тухайлбал Алцхаймерын өвчин тусах магадлал бага болохыг судалгаа харуулж байна. Үүнд зөвхөн ярих, хэл амаар харилцах тухай бус, хамт спортоор хичээллэх, баг болж тоглох зэрэг нь ч сайн нөлөөтэй гэнэ.
Бүр ганцаараа байхыг илүүд үздэг интроверт төрлийн хүмүүс ч ингэж хүмүүстэй харилцахад тархинд нь сайн нөлөөтэй байдаг аж.
Ядаж л гэр бүл, найз нартайгаа ойр дотно байхад үр дүнтэй байдаг гэжээ.
БЯСАЛГАЛ
Бясалгал хийх нь гарцаагүй тархины хамгийн сайн дасгалуудын нэг. Ингэснээр өөрийгөө сонсох чадвар нэмэгдэж, тархины уян хатан байдал нэмэгдэнэ. Үүнээс гадна анхаарал төвлөрөл, бусдыг ойлгох чадвар, дархлаа хүртэл сайжирдгийг дурджээ.
Тэр ч байтугай ой санамжийн багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид баталсан байна.
Эх сурвалж: psychology.about.com