Нярай хүүхэд халдварт өвчнөөр өвчилж буй нь хөхөөр хооллохгүй байгаатай холбоотой гэв

-Эхчүүдийн 45 орчим хувь нь хүүхдээ хөхөөр хооллож байна-
“Сүүлийн жилүүдэд 18-30 насныхан улаанбурханд өртөмтгий байна. Оноор нь авч үзвэл 1990-ээд оныхон. Нийгэм, цаг үе тогтворгүй байснаас үүдэн тухайн үеийн хүүхдүүд улаанбурханы эсрэг товлолт вакцинд хамрагдаж чадсан эсэх, тус вакцин чанартай байсан уу гээд эмч, мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлж байгаа олон асуудал бий” хэмээн ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр насанд хүрсэн иргэд улаанбурхан тусч байгаа талаар хэд хэдэн тайлбар хийв.

Ийн ярьсаар бид ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн хаалгаар орж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийг зорилоо. Тус тасагт улаанбурханы дараахь эмчилгээтэй зургаан хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сэхээн амьдруулах гэх эрчимт эмчилгээ нэн шаардлагатай хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус тасагт он гарсаар улаанбурханы дараахь эмчилгээ хийлгэхээр нийслэл болон хөдөө, орон нутгийн хоёр дахь шатлалын эмнэлгээс 46 хүүхэд шилжин ирж, эмчлүүлжээ.

Эндэгдэл гараагүй бөгөөд ХӨСҮТ-өөс улаанбурханы дараахь уушгины хатгалгаа, хүндрэлээр 15 хүүхэд ирж эмчлүүлснээс зургаагийнх нь эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа аж. “Улаанбурхан өвчний явц хурдан хүндэрч, ужгирах хандлагатай байна. Дээрх зургаан хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Ихэвчлэн нэг хүртэлх насны хүүхдүүд” гэдэг мэдээллийг ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эмч, хүүхдийн их эмч Т.Хаш-Эрдэнэ өгөв. Улаанбурхан өвчний халдвартай үе нь өнгөрч, эрчимтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүд Эх нялхаст ханддаг байна.

Тус тасагт 1-18 насны мэс заслын бус өвчтнүүдийг хүлээн авдаг аж. Биднийг очиход 19 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд дөрөв хүртэлх насны дотрын хүнд эмгэгтэй хүүхдүүд энэ тасагт хэвтжээ. Улаанбурханы дараахь хүндрэлээс үүдэн хэвтэн эмчлүүлж буй зургаан хүүхэд ч энэ тасагт эмчлүүлж байна. Ээжийнхээ энгэрт эрхэлж, эвлэсэн сүүгээ хөхөж байх учиртай жаахан зүрхнүүд амьсгалын аппаратны гуурс амандаа зууж, өвчиндөө шаналан байх нь нүд хальтрам. Олзуурхууштай нь хүүхдэд нэн шаардлагатай амьсгалын, амин үзүүлэлтийн аппарат хүүхэд нэг бүрт хүрэлцээтэй, эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ам сайтай байгаа нь бага ч болов сэтгэл хөнгөлөв. Түүнчлэн Монгол-Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр оруулж ирсэн эмчилгээний тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж, өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-ийн хэмжээнд дутагдсан багаж, хэрэгсэл байхгүй гэдгийг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн чанарын менежер  С.Энхцолмон хэлэв.

Улаанбурхан хийгээд ханиад, томууны дэгдэлт ихэсч буй энэ үед эмч, эмнэлгийн ажилтнууд уртас­­гасан цагаар ажиллаж байгаа. Зогсоогоороо 24, зарим тохиолдолд үүнээс ч илүү олон цагаар ажилладаг эмч, сувилагчдын илүү цагийн хөлс олгогдохгүй байгаа талаар яригдаж эхэлсэн. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн их эмч Т.Хаш-Эрдэнээс тод­руулахад “Тийм зүйл огт байх­гүй. Цалин болоод илүү ца­­гийн мөнгөө авч байгаа” гэв.

Улаанбурхан өвчний улмаас бага насны хүүхэд өдөрт нэг, хоёроороо эндэж байгаа энэ үед “Эх, нялхасын эрүүл мэндийн төлөө” хэмээх уриатай ЭХЭМҮТ-ийн удирдлагуудтай уулзснаа далимдуулан хэдэн зүйлийг тодруулсан юм. “Хүүхэд маань гэнэт өндөр халуурч танайхыг зориод ирэхээр 13А маягт нэхдэг. Эсвэл харьяа дүүргийн хүүхэд үзнэ гээд буцаачихдаг. Хүүхдийн амин үзүүлэлт буурсан тохиолдолд л хүлээж авдаг. Мөн шаардлагатай аппарат, техник хэрэгсэл байдаггүй. Үүний улмаас хүүхдийн амь нас эрсдэж байна. Иргэд үүн дээр л эмзэглэдэг” хэмээн ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрөөс асуухад “Манай улсад өндөр түвшний Сэхээн амьдруулах тасаг олон байх албагүй. Маш үнэтэй технологи. Мэргэжилтнүүд нь олон жил бэлтгэгддэг. Сэхээн амьдруулах, эр­чимт эмчилгээний тасаг шаард­лагатай өвчтөнүүдээ л хүлээж авна. Янз бүрийн төсөл, хөтөлбөрөөр хөдөө орон нутагт амьсгалын аппарат өгөөгүй биш өгсөн. Гэтэл ашигладаггүй, тоосонд дарагдаад хэвтэж байдаг” гэсэн юм. “Шаардлагатай өвчтөнүүдээ хүлээж авна гэхээр хүн бүр л “Миний хүүхдэд яаралтай эмчилгээ шаардлагатай байна гэдэг. Мэдээж тухайн эцэг, эхэд хүүхэд нь хүнд өвдсөн мэт санагддаг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг л бид иргэдэд эерэгээр нь ойлгуулмаар байгаа юм” гээд үүнийг сайн ойлгуулж өгөхийг учирласан юм.

Улаанбурханы эсрэг товлолт тарилгад хүүхдийг есөн сар, хоёр настайд нь хамруулдаг. Гэвч тарилгад хамрагдах нас нь болоогүй 0-8 сартай хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөгсдийн багагүй хувийг эзэлж, эндэж буй. Энэ талаар эмч, мэргэжилтнүүдээс тодруулахад ”Нэг талаас дархлаагүй эхээс дархлаагүй хүүхэд төрж байгаа нь халдвар авах эрсдэлийг дагуулж байна. Түүнчлэн улаанбурхан өвчин устсан гэж зарлаж байсан хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдээ хөхөөр хооллох явдал 45 хувь болтлоо буурсан. Энэ нь эхчүүд хүүхдээ хөхөөр хооллох нь хоёр дахин багассан гэсэн үг. 0-24 сартай хүүхдийн дархлаа муу байгаа нь үүнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр агаарын бохирдол гээд олон зүйлээс үүдэлтэй” хэмээн тайлбарлав. ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийг бодвол ачаалал харьцангуй бага санагдлаа.

Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоо­тойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон хэвлэ­лийнхэн ЭХЭМҮТ-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан нь энэ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “ЭХЭМҮТ-ийг дүүр­­гийн эмнэлгүүдтэй харь­цуулахад ачаалал харь­цангуй гайгүй байна. Тоног төхөөрөмжийн хувьд ч бо­лом­­жийн. ЭХЭМҮТ яарал­тай үед ажиллах тоног төхөө­рөмж, эмч, мэргэжилтэн хий­­гээд менежментээ хүр­тэл боловсруулсан байна. Эмнэл­­­­­гийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдах шатан­даа явж байна. Уг хуулиар эмнэлгүүд яаралтай, онцгой тохиолдолд өөрсдийн менежментээр ажиллах боломжтой болох юм. Эрүүл мэндийн салбарынхны олон жил хүсэн хүлээсэн хууль батлагдах гэж байна” гэв.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …