Та өсгийтэй гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай!
Өндөр өсгий. Эмэгтэй хүн бүрийг өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг, бусдыг татсан, гоо үзэсгэлэнтэй, имижтэй харагдуулдаг ид шидтэй. Гэхдээ та нарийхан өндөр өсгийтэй гутал өмсөхдөө зарим зүйлийг анхаарахгүй бол танд яваандаа эрүүл мэндийн тал дээр ихээхэн хүндрэлүүд гарч болзошгүй. Мэргэжлийн хүмүүс өсгийтэй гутлын өсгий 5 см өндөртэй байх нь тохиромжтой гэж үздэг.
Хөлийнхөө эрүүл мэндийн төлөө ямар гутал сонгох ёстой вэ?
Хэтэрхий өндөр өсгийтэй гутлыг сонгохгүй байх нь үргэлж таны хувьд сайн, эрүүл мэндийг тань хамгаалах сонголт юм. Гэвч гутлын өсгий нарийхан, хадаасан, бүдүүн ч бай, хамгийн гол нь өсгийний өндрийн хэмжээ л байдаг. Ийм учраас иймэрхүү гутлууд нэг нэгнээсээ дээрдээд байх зүйлгүй. Хатаасан ч бай, бүдүүн ч бай хэтэрхий өндөр өсгийтэй гутлыг удаан хугацаагаар өмсөх нь таны хөлний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Өндөр өсгийтэй гутал эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?
Хүн алхаж байхдаа 3 цэг дээр тулгуурлан алхдаг. Өөрөөр хэлбэл бид хөлийн өсгий, эрхий хуруу, чигчий хурууны зарим хэсэг дээр гурвалжлах хэлбэрээр гишгэдэг. Өндөр өсгийтэй гутал өмсөхөөр хүний хөлийн өсгий хэсэг байх ёстой хэмжээнээсээ өндөрт гарч, биеийн жингийн ачааллын цэг өөрчлөгддөг.
Хөлийн өсгий, ачааны ихэнх хэсгийг үүрдэг байсан бол ачаа нь багасч, эрхий хуруу хамгийн их ачааг үүрч эхэлнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл хүний хөлөнд, ялангуяа эрхий хурууны үенүүдэд гэмтэл үүсгэж эхэлнэ. Хэтэрхий ачааллаас болж хөл эвэршиж, хөлийн арын шөрмөс, хурууны холбоосууд ачаалалд дарагддаг. Улмаар хурууны холбоос, шөрмөс хэсэгт өвчлөл үүсдэг.
Өмсөх шаардлагатай бол гутлын өсгий хэдэн см байх ёстой вэ?
Өндөр өсгийний зэрэгцээ, хоншоор хэсэг нь шовх гутал өмсөх бол хөлийн эрүүл мэндэд бүр хор нөлөөтэй болно. Хөлний эрүүл мэндийн үүднээс гутлын өсгий 5 см-ээс өндөр байх ёсгүй. Мөн таны гутал зөөлөн, арьсан, намхан өсгийтэй, шулуун ултай, өргөн өмсгөлтэй, хөлийг хэт бариагүй байх ёстой. Ядаж л өсгийтэй гутал өмслөө ч гэсэн, сэлгээний тань гутал ийм л байх ёстой.
Хамгийн ихдээ хэдэн цаг өндөр өсгийтэй гутал өмсөж болох вэ?
Хоёр өөр эмэгтэйг авч үзье: Нэгэнд нь 4 см өндөр өсгийтэй, нөгөөд нь 7 см өндөр өсгийтэй гутал өмсүүлээд яг ижилхэн хугацаанд адилхан ажил хийлгэж байна гээд бодоод үз. Орой болоход 7 см өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэй нөгөө эмэгтэйгээс 7 км илүү зам алхсан юм шиг л байна.
Өндөр өсгийтэй гутлыг өмсөх цаг хугацааг заахын оронд хөлийнхөө эрүүл энхийн төлөө зайлшгүй өсгийтэй гутал өмсөх шаардлагатай бол үе үе гутлаа тайлж хөлөө амрааж байх нь илүү тохиромжтой.