Улаанбаатар хотын хүрээлэн байгаа орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт, эмх замбараагүй газар олголтоос шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, хотын үйлчилгээ иргэддээ хүрч чадахгүй хэмжээнд хүрсэн билээ. Тиймээс хот байгуулалтыг зөв гольдролд оруулж, алдаа гажуудлыг засаж залруулах, Улаанбаатар хотыг иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй хөгжингүй хот болгон хөгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хэд, хэдэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн нийслэлийн Засаг дарга А/726 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын тогтоолоор батлагдсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан, энэ өдрөөс хойш орон нутгаас нийслэлд шилжин суурьшсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох асуудлыг нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуусах хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохгүй байх, шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож, газар чөлөөлөх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллана.
Мөн суурьшлын бүсийн төлөвлөлт хийгдээгүй газарт инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барихгүй бөгөөд зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг ус, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангахгүй юм. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 байршилд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд бүр мөсөн шилжин суурьшихаар бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй, Монгол улсын иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар өмчлүүлэхээр тусгасан байна. Ойрын 5 жилийн хугацаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын болон шинэ суурьшлын бүс бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг тухай бүрт нь НИТХ-аар шийдвэрлүүлж, олон нийтэд мэдээлэх юм. Шинэ суурьшлын бүс бий болгохоор газрын нөөцийн судалгаа хийгдэж байгаа болон нөөц тогтоогдсон байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх хүртэл хугацаанд мод үржүүлгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түр хугацаагаар ашиглуулан газрыг хамгаалах юм байна. Энэхүү захирамж гарснаар нийслэлийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хангах замаар орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй иргэнийг байнгын болон түр ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад зөвлөж, хэрэгжүүлж ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, урамшуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …