Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэн Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулж “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номонд өгсөн ярилцлагыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
ХҮН ТӨР ХОЁРТОО ЭН ТЭНЦҮҮ ХУВААГДСАН ХҮНИЙГ ЦАГДАА ГЭДЭГ
Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл ярьж байна. Энэ удаа бид найрагчийн гэрт зочилж цагдаагийн алба хаагчийн талаар энгийн иргэний санал бодол талаас нь илэн далангүй ярилцлаа. Алдартай найрагч гэдгээр нь андахгүй сайн мэдэх ч аав нь цагдаагийн хүн гэдгийг тэр бүр мэдэхгүй. Ардын уран зохиолч маань товлосон цагтаа гэртээ биднийг уриалгахнаар угтаж, бодож санадаг бүхнээ харамгүй хуваалцлаа. Бүтээл бүхэн нь ухаан хайрладаг их найрагч Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
ЦАГДАА БОЛ ИХЭМСЭГ БИШ ЭРХЭМСЭГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ БОДДОГ, ИНГЭЖ МЭДЭРДЭГ
Бидний дунд бэлдсэн асуулт, тулгасан санаа юу ч байгаагүй ч их найрагч “Манайд чихрийн тавагнаас илүү үнсний сав олон байдаг даа” гэх энгийн ярианаас эхлээд эрх зүйн шинэчлэл хүртэл багагүй зүйлийг ярилцлаа. Цагдаа бол хоёр харьяалалтай хүн. Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдааг ард түмэн хувцасладаг юм. Ард түмнээрээ хувцаслуулдаг гэж бодохоор их л сайхан санагддаг даа. Үүргийг нь харин төр өгдөг. Цагдаа гэдэг нэр хүндийг нь авч явнаа гэдэг нь ёсыг барьж харьцах л асуудал юм даа. Ёсонд захирагдах ёстой. Өөр юу байхав. Гол нь тэр шүү дээ. Хүмүүн болоод цагдаа бол хоёулаа ёсондоо захирагдах ёстой юм даа. Нэг үгээр хэлбэл ёс төрдөө захирагдах ёстой. Энэ тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө л хэлэх байх. Манай Тангадын Галсан найрагч бол хамгийн түрүүнд цагдаа гэдэг үгийг ЦАГИЙГ ДАА гэсэн үг л гэж хэлнэ дээ.
БИ ЦАГДААГИЙН ХҮҮХЭД
Би бол хувьдаа цагдааг хайрладаг. Яагаад гэвэл миний аав цагдаагийн алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан юм л даа. Би цагдаагийн хүүхэд. Тийм болоод ч тэрүү дандаа л би дотроо өрөвддөг, өмөөрдөг. Тэр үед их сайхан байж дээ. Олон нийтэд туслах бригадын гишүүн гээд сүүлт од шиг олон хүмүүс шөнө эргүүлд явдаг байсан. Өндөр настнуудаас эхлээд залуучууд цагдан сэргийлэхэд туслах бригадын гишүүн болчихсон. Тэмдэгтэй, бугуйн дээрээ бас эргүүл гэсэн бичигтэй зүүлт зүүчихнэ. Тэд бол сэргийлэгчийн маш сайн туслагч байсан даа. Баргийн амьтныг алхуулахгүй. Миний аав олон хороо, хорин хариуцна. Хамгийн сэтгэлд тод үлдсэн нь нэг сүрхий бүртгэл байсан. Гэмт хэрэг хийж болзошгүй, сургууль соёлгүй болсон, хорихоос суллагдаад ирсэн хүмүүсийн бүртгэлээ өврийн дэвтэр болгож хэрэглэдэг байсан. Тэр нь бол айл болгоноор ороод хүн хянаад цагдаад байхгүй ч гэсэн ерөнхий багцаа авдаг байсан бүртгэл юм л даа. Хүмүүсээ бүр нүдэлчихсэн. Эндээс би цагдаа хүн их л билгийн нүдтэй байх ёстой гэж ойлгосон.
ЦАГДАА ХҮНД БИЛГИЙН НҮД ХЭРЭГТЭЙ
Цагдаа хүнд билгийн нүд хэрэгтэй шүү дээ. Ам нууцаа алддаггүй нүд нууцаа алддаг гэдэг гэж мэргэд хэлсэн нь бий. Тиймээс цагдаа хүн бол гэмтэй хүний нүдийг нь сайн харж ярьдаг байх хэрэгтэй. Цагдаа нь ч дальдчаад хүн нь ч дальдчаад байлгүй цагдаа бүхэн гэмт этгээдийн нүд рүү нь эгц харж ярьдаг байгаасай гэж би боддог. Америкт цагдаа нь цөөн үг ярьдаг. Иргэн нь зөрчил гаргачихаад гуйна гувшина гэж ер үгүй. Замын цагдаа зогсоогоод гарсан зөрчлийг нь хэлээд торголоо. Тэгээд л болоо. Ялангуяа замын цагдаа нар бол зөрчил гаргасныг нь тогтоосон л бол олон таван үггүй ял зэмийг нь хэлээд арга хэмжээгээ дор дор нь аваад явчихвал энэ их зөрчил гаргадаг хүмүүс буурах байх гэж би хувьдаа боддог. Үүнээс гадна цагдаа хүнийг хамгаалах, өөрийгөө хамгаалах хоёр том үүрэгтэй юм шүү дээ. Арга буюу тулсан үед амиа өгсөн тохиолдол зөндөө л байдаг. “Тархиндаа сумтай” гэж орчин үед сагсуу хүнийг хэлдэг болж дээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад тархиндаа сумтай ч гэсэн үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нарыг та нар мэддэг байх. Амиа үрсэн сэргийлэхийн гавьяатууд олон шүү дээ. Би танай байгууллагын хаалгаар ороод АРВАН ТАВНЫ ЦАГДАА-ийн хөшөө байхаар их сайхан санагддаг. Нэр дүр нь зохицсон сэтгэлд их ойр санагддаг.
УЛАМЖЛАЛГҮЙ ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ
Цагдаагийн шинэчлэл бол уламжлалаа барьсан монгол хөрс шороо, монгол хүний зан суртахуун, сэтгэлгээ мөн чанарт таарсан шинэчлэлүүдийг хийгээсэй гэж би боддог. Уламжлалгүй шинэчлэл гэж энэ орчлонд байдаггүй. Заавал хуучин юмнаас үүсэж байж л шинэчлэл буй болдог. Магадгүй зарим тохиолдолд хамгийн хуучин юмыг шинэ юм гэж хардаг. Тиймээс дээр дороо их бодлоготой шинэчлэл хийгээсэй гэж боддог. Бие биеэ хайрлах гэдэг үг цагдаад хамааралгүй юм шиг хандлага байх юм. Хууль хүн хоёрын харилцаа бол хайр. Үүнийг хийж чадахгүй байна. Хүн хүнээ хайрлахаар юм болгоныг хайрлах нижгэр их хайр болдог. Цагдаа нарынхаа нийгмийн асуудлыг их анхаарах ёстой шүү.
Би цагдаа нарыг муу хэлэх дургүй. Яагаад гэвэл миний мах ясанд шингэсэн нэг ойлголт байгаа юм. Эд маань үүрэг биелүүлж байгаа. Хамгийн аргамаг, эрмэг, догшин морьдын “эмээл”-ийг цагдаа хүнд тохдог. “Эмээл” гэдгийг би ёгтоор хэлж байна. Төрийн “эмээл” гэсэн үг. Төрийн “эмээл”-ийг цэрэг цагдаа хоёрт лтохдог гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна цагдаа нарыг би их цэмцгэр, хялгас наалдаагүй хувцастай байгаасай гэж хардаг. Би аавыгаа ч тэгж боддог байсан. Тэр үед чинь улаан пагонтой, ногоон хувцас байсан санагддаг юм. Дарга нар нь арай өөрөө. Их л сайхан харагддаг байсан даа.
ЦАГДАА БОЛ АМЬДРАЛЫН “ДАРХЛАА” ЮМ
Цагдааг хүн биш юм шиг ойлголт нэг хэсэг байсан ч одоо өөрчлөгдсөн шүү. Цагдаа бол амьдралын “дархлаа”. Энэ дархлаа гэдэг үгийг зөвхөн эмнэлэг дээр ярьдаггүй. Ерөөсөө хүний амьдралын тэр улс орны дархлаа юм шүү дээ. Байсан, байгаа, цаашдаа ч ийм байна. Гурван цагийн дархлаа шүү дээ. Ингэж ойлгох ёстой. Сандаг-Очир генерал ЦЕГ-ын дарга байх үед намайг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасан. Аавын маань цагдаагийн албанд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг сайхан жаазлаад өгсөн. Би их баярлаж бараг уйлсан даа. Гэхдээ тэр тэмдгийг аавын маань энгэр дээр гялалзсан бол сайхан байж дээ гэж бодогдуулсан. Ер нь яруу найргийнхаа буянаар “онц хилчин”-ээс эхлээд төрийн шагнал гээд олон тэмдэг авсан. Ижийдээ үзүүлж чадаагүй юм чинь гээд нэгийг нь ч би зүүдэггүй. Би ийм л юм боддог. Үүргийн ялгаа л байна уу гэхээс дарангуйллын ялгаа байхгүй ажиллах ёстой гэж ойлгодог. Ард түмэн цагдаагаа хайрлах хэрэгтэй. Төр цагдаа нараа сайн тоноглох хэрэгтэй. Өөрийг нь хамгаалсан тоноглол. Хүнээ хамгаалсан тоноглол. Ганцхан гэмт хэрэгтэнд зориулсан тоноглол биш шүү дээ. Мөн онц гэмт хэргийг илрүүлсэн хүнд төр “гараа татах ёсгүй” гэж ойлгодог. Амжилт гаргасан цагдаагаас юм харамлаад хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзвал би шууд л ингэж хэлнэ.
Бидний дунд ийм нэгэн халуун дулаан элдэв хачиргүй, дурсамж дурдатгал дүүрэн халуун яриа өрнөлөө. Хүний амьдралын хамгийн энгийн үнэн бүхнийг яруу найргаар илэрхийлж ил хэлж, далд гунигладаг энэ их хүмүүн ЦАГДААГИЙН ХҮҮ юмаа.
Эх сурвалж:зөв сонголт.мн