АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.