Хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа

olloo_mn_1420592296_1072“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа бөгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээс гадна, компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, компанийн засаглал, удирдлагын зохистой байдал болон хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг учраас ихээхэн бэлтгэл ажил, цаг хугацаа шаарддаг, мэргэжлийн цогц үйл ажиллагаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдгээр бэлтгэл ажлыг хангахаар холбогдох ажлуудыг эхлүүлээд байна.

Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс Хороонд хандан мэдээлэл ирүүлэх боллоо.

Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй хэдий боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна.

Иргэн таны эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан болохыг анхаарна уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …