Өнөөдөр Ленин багшийн төрсөн өдөр. Ахмад үеийнхэн бүгдээрээ л Ленинийг хамгийн сайн хүн, дэлхийн хөдөлмөрчдийн их багш, хүүхэд, ард олонд хайртай хүн гэж итгэж өнөө хүрсэн. Тэд энэ өдрөөр Лениний хөрөг зургийг гэртээ залж, пионер, эвлэлд элсч, намтар түүхийг нь цээжилж, дуу зохиож дуулж, шүлэг уншиж, шугам жагсаал хийн хөшөөнд нь цэцэг өргөж өссөн.
Хамгийн харамсалтай нь түүнийг хамгийн харгис, хэдэн зуу мянган хүнийг буудах тухай хамгийн харгис хатуу тушаал өгч байсныг даан ч мэдээгүй. Коммунистууд ч биднээс энэ бүхнийг нуусаар ирсэн.
Оросын их сэтгэгч Г.В.Плеханов бүр 1918 онд өөрийн улс төрийн гэрээслэлдээ “Ленин бол ХХ зууны Робеспьер /1789 оны францын хувьсгалын удирдагчдын нэг/ юм. Харин Робеспьер ямар ч буруугүй олон зуун хүний толгойг авсан бол Ленин олон саяынхыг авна. 1895 оны зун Ленинтэй уулзсан минь санагдаж байна. Якобинчуудын диктатур яагаад унасан тухай ярьж байгаад гильотин нь хэт олон хүний толгойг авснаас болсон гэхэд Ленин хөмсгөө зангидан “Үгүй ээ, дэндүү цөөхөн хүний толгойг авснаас Якобинчуудын БНУ унасан юм. Хувьсгал өөрийгөө хамгаалах ёстой” гэх нь тэр хэмээн бичиж байжээ.
Коммунистууд, түүнийг бишрэн шүтэгчид бүхнийг хав дарсаар нуусаар байсан ч Ленин гэдэг халзан толгойтой тэр эр ямар харгис, хэрцгий зандалчин байсан нь цагийн саалтаар өнөө улам л ил тод болсоор байна. Өөр хаанахын ч биш Оросын өөрийн нь судлаач ингэж ярьж байна.
Түүхч, ленин судлаач Анатолий Григорьевич Латышев олон жилийн турш Владимир Ильичийн намтрыг судалж байгаа хүн. Тэрээр Улсын Аюулгүй байдлыг хамгаалах газрын хаалттай архив, Лениний нууц сангаас маш ховор материалууд олжээ.
1991 оны наймдугаар сарын үйл явдлын дараагаар Лениний тухай нууц баримт бичгүүдтэй танилцах тусгай зөвшөөрөл авсан юм. Өглөөнөөс орой болтол архивт суугаад өнөөх шүтэж дээдэлж байсан хүнийхээ тухай уншиж байтал сүүл рүүгээ ёстой үс минь босоод ирэх нь тэр…
-Юунаас болоод тэр вэ?
-Ленин 1905 онд Швейцариас ирээд гудамжинд үймсэн олон руу хүчил цацах, цэргүүдийн дээрээс дээд давхраас буцалсан ус асгах, цэргүүдийн морьдыг гэмтээхийн тулд гудамжинд хадаас цацах, гар бөмбөг шидэх зэргийг залуучуудад уриалж байж. Энэ бол зөвхөн эхлэл…
-Зөвлөлт засаг тогтоод…..
Зөвлөлт засгийн тэргүүн болсон хойноо 1918 оны наймдугаар сарын 9-нд Доод Новгород хотын гүйцэтгэх хороон дарга Федоровт руу илгээсэн нэг шийдвэр нь байна. Энд “Нижнийд цагаан гвардийнхан бослогод бэлтгэж байгаа нь илт байна. Тэгэхээр хамаг хүчээ шавхан гурвын диктатур тогтоож даруйхан бөөнөөр нь хядах ажиллагаа явуул, цэргүүдийг архинд уруу татагч зуу зуун янхан, хуучны офицерууд гэх мэтчилэнгийн этгээдүүдийг буудаж зайлуулах хэрэгтэй. Нэг ч минут бүү цалгард” гэсэн байна.
-Үнэхээр үү…?
-Ийм баримт зөндөө. Дээр өгүүлсний ердөө маргааш нь Пенза мужийн гүйцэтгэх хороо руу бас нэг цахилгаан явуулж. Энд “Нөхөд өө хошууны нударганчуудын бослогыг хайр найргүй дар. Одоо нударганчуудтэй эцсийн бөгөөд эрс дайн зарлаад байхад үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.
1.Адгийн муу нударган, баячууд, цус сорогчдоос наад зах нь 100-г дүүжил. “заавал дүүжил. Олон түмэн хараг”
2.Тэдний нэрсийг нийтэл.
3.тэдний хамаг тариа будааг хураа, булаа.
4.“Өчигдрийн цахилгааны дагуу барьцааны хүмүүсийг товло.
Цус сорогч нударганчуудыг боомилж, хядаж байгааг эргэн тойрны зуун мод газрын ард олон үзэж чичиртэл нь, мэдтэл нь, орилтол нь энэ ажлыг хий. Гүйцэтгэснээ эргэж мэдэгд. Та бүхний Ленин” гэжээ.
-Бүх дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленин маань оросын ард түмэнд хайргүй байсан гэж үү?
-Лениний оросын талаарх үзэл бодлыг бага судалсан. Түүний цусанд ямар ч орос гарал байхгүй. Эх нь швед, еврей гаралтай немц. Эцэг нь хагас халимаг, хагас чуваш. Ленин ерөнхийдөө немц хүмүүжлээр өссөн. Эх нь ямагт түүнд “орос бол тэнэг”, “орос өөдгүй” ийм болохоор немцүүдээс сур гэдэг байж.
1922 оны долдугаар сарын 17-нд Ленин Сталинд ингэж бичиж байж. “Хайр найргүйгээр гадаад руу хөө. Бүгдийг Оросоос зайлуул. Хэдэн зуун хүнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, үндэслэлтэй үндэслэлгүй баривчил. Оросыг цэвэрлэх хэрэгтэй” гэжээ.
-Тэгээд л оросын ард түмний эсрэг байсан гэх гээд байна уу?
-Лениний баримт бичгүүдэд эх орон нэгтнүүдээ хайр найргүй устгах, хядах тушаал нэг биш. Жишээ нь турк, британийн цэрэг Бакуг эзлэх аюул нүүрлээд байсан үе 1918 оны зургадугаар сарын 3-нд “Бакуг үнс болтол нь шатаагаад улаан армийн эсрэг байлдсан бүхнийг буудаж, хүмүүсийг барьцаанд ав. Баячууд, худалдаачин, чинээлэг хүмүүс, хуучин түшмэлүүдийг бүгдийг бууд. Үүнийг гүйцэтгэсэн хүмүүст 100 мянган рублийн харамж өг” гэсэн байдаг. ЗХУ-ын үед өгдөг байсан Лениний шагналын эх нь ч энэ байж магад.
1919 оны арванхоёрдугаар сарын 19-нд Зержинский Кавказаас бичиж Ленинд ”сая орчим казакийг баривчиллаа” гэсэн мэдээ ирүүлэхэд Владимир Ильич хариуд нь ердөө л “Нэгийг ч үлдээлгүй бууд” гэсэн хариу өгч байжээ.
1918 онд Ленин Хангамж тээвэр хариуцсан онцгой комиссынхонд нэг хуулийн төсөл санаачилж санал болгосон байдаг. Эндээ хонжворт сугалаа гаргаж тариачдад өгөөд илүүдэл буудай, хүнсний бүтээгдхүүнийг нь авах тухай тусгаад хүнсний илүүдэл зүйлээ өгөхийг татгалзсан юм уу, саатуулсан этгээдийг буудах тухай заажээ. Харин Лениний энэ хуулийн төслийг хүлээж аваагүй гэдэг.
-“Их удирдагч” Үнэн алдартны шашинд бас ингэж хандаж байсан уу?
-Гэгээн Николайн өдрөөр арванхоёрдугаар сарын 25-нд амардаг байлаа. Харин Ленин 1919 оны энэ өдөр “Балдуушных нь Николай. Онцгой комиссынхныг бүгдийг нь босгож Николайн өдрөөр ажилд гарахгүй байгаа бүхнийг бууд” гэсэн тушаал өгч байжээ. Дэлхийн хөдөлмөрчдйин их багш, аугаа удирдагч Ленин шашинд хэрхэн хандаж байж вэ дээ.
-Тэгээд шашныхантай хэрхэн тэмцэж байсан юм?
-1919 оны тавдугаар сарын 1-нд Зержинскийд хаягласан нэг баримт байна. Энд “Шашныхан, санваартнууд, тахилчдыг аль болох түргэн хугацаанд дуусгах хэрэгтэй. Тэднийг яг хувьсгалын эсэргүү нар шиг баривчилж хайр найргүй бууд. Хэдий л их бол төдий сайн. Сүмүүдийг хааж лацдаад, агуулах болго” гэсэн байдаг.
-Лениний гадаад бодлого?
-1920 оны наймдугаар сард Ленин Хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга Э.Склянскийд гараар бичсэн зааварчилга өгсөн байдаг. Эндээ хөрш Латви, Эстонийн хилийг нууцаар нэвтэрч нутгийн гүнд нь нэвтрэн баячууд, нударган, худалдаачин, чинээлэг хүмүүсээс 100-1000-ыг дүүжлэх хэрэгтэй гэсэн байдаг. Дараа нь Польш дахь гэмт хэргийн үүрийг цэвэрлэх ёстой гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn