Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурсан байна. Ялангуяа Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан байна.
Хаврын хуурайшилтын үед салхины хурд их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.
Тухайлбал, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 31 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барж, 1 хүн түлэгдэж гэмтсэн.
Өнгөрсөн хоногт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Овоотын-Ам”, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Улаан давааны “Баруун хар чулуут” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км/ хээрийн түймэр гарч тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан тухай дуудлагаар /2016.04.20/, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 40 иргэн, Булган сумын 10 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, Баруун-Урт сумын 16 иргэн, Сүхбаатар сумын 21 иргэн, нийт 141 хүн түймрийг унтраахаар,
Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан дуудлагаар /2015.04.20/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Сэлэнгэ сумын 8 иргэн, нийт 20 хүн түймрийг унтраахаар,
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн зүүн бүрхийн “Дуутын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.04.20/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн түймрийг унтраахаар,
Дорнод аймгийн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн “Сонгоол даваа” гэдэг газар /Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.04.20/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд нийт 24 хүн түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.