Муур багшийн нэг үлгэр байдагдаа. Муур гуай буянтан багш царайлж байгаад хэдэн хулганыг нэг нэгээр нь хүртэж орхидог. Хөөрхий хулганууд багшдаа итгэсэн хэвээр, залбирсан хэвээр. Өнөөдрийн улс төрийн тайзан дээр өрнөж байгаа явдлыг харахаар энэ үлгэр эрхгүй санаад орох аж.
Сонгуулийн хуулийн намын жагсаалт гэсэн заалтыг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэнд олон нийт ч, зарим намууд ч, нийгмийн хэсэг бүлэг ч баяртайгаар хүлээн авч байна. Шударга ёс яллаа, олон түмний шударга тэмцэл амжилтад хүрлээ гэх мэтээр. Гэвч шударга ёс үнэхээр ялсан уу?
Олон түмний шаардлагыг тийм дуулгавартайгаар хүлээн авсан хэрэг үү? Гэвэл үгүй юм. Харин ч яг юу болж буйг анзааран харвал баярлах биш бухимдах нь дийлэх талдаа. Яагаад тэр вэ?
Нөхцөл байдлыг эхнээс нь харая. Өнгөрдөг 2015 оны намар УИХ-ын МАНАН бүлэглэл маань Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхдээ, парламентийн гадна буй намууд, зарим улс төрчид, олон нийтийн эсэргүүцлийг үл тоож Намын жагсаалтын тоог эрс нэмж, 28 болгосон заалтыг хүчээр оруулсан юм. Тэднийг энэ шийдвэрээ гаргахад саад болох ямар ч хүчин үгүй мэт байлаа.
Гэтэл өнөөдөр 6 сар өнгөрсний дараа, сонгууль хаяанд тулчихсан энэ эгзэгтэй цаг үед яагаад гэнэтхэн ард олны шударга шаардлагыг хүлээн авах болчихов? Яагаад ҮХ-ийн зүйл заалтыг зөрччихсөн гэдгээ эрх баригчид маань гэнэтхэн анзааран санав аа.
Шалтгаан нь их энгийн. Сонгууль болохоос 6 сарын өмнөх хугацаанд сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй олон улсын жишиг байдаг. Манай сонгуулийн хуульд ч тэрхүү заалт, хориг, цоож нь хангалттай байсан. Гэвч эрх баригчид маань өнгөрдөг намар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сэмхэн энэхүү түгжээг нь мулталж орхисон. Дахиад ЯАГААД гэдэг асуулт гарна.
Сонгууль болтол хангалттай хугацаанд нөхцөл байдал ямраар ч өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн нөхцөл байдалдаа тохируулан сонгуулийнхаа хуульд дахин гар хүрч, өөрсөддөө ашигтайгаар зохицуулах боломжтой байлгахын тулд дээрх хатуу түгжээ, заалтыг авч хаясан нь өнөөдөр улам тодорхой харагдаж байна.
Хэрвээ намын жагсаалт эрх баригчдад маань ашиггүй болчихвол яах вэ?
2015 оны намар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байх үетэй харьцуулахад өнөөдөр эрх баригчдад, ялангуяа Ардчилсан намд намын жагсаалт нь ямар ч ашиггүй болсон. 4 сард явуулсан янз бүрийн судалгаа тандалтаар АН-ын рейтинг навс унаж, 10 хувь хүрэхээ болив. МАН-ын рейтинг ч зохих хэмжээгээр уруудаж, 16 руу бууж ирлээ. Гэтэл АН, МАН-ын шүдний өвчин болсон МАХН-ын рейтинг өсөж, АН-аас давж, МАН-руу дөхөв. ХҮН нам, саяхан шинээр зарласан Г.Уянгын нам зэрэг гуравдахь хүчнийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлэх намуудын рейтинг өсөж, АН-тэй зэрэгцэх, тэр ч бүү хэл гүйцэж түрүүлэх магадлал бий болов.
Ийм үед МАН-д, ялангуяа АН-д намын жагсаалтаар хэдэн суудал авах магадлал багасч ирнэ. МАХН тэднээс илүү суудал ч авах магадлалтай, тэр тохиолдолд дахиад ямар ч нөхөр оймсонд хавчуулагдахыг тааварлах аргагүй.
Ингээд л гэнэтхэн ээлжит жүжгийнхээ шинэ бүлгийг тавив. Тэр нь ҮХЦ дээр намын жагсаалтыг унагаж, ард түмний шударга шаардлагыг хүлээн авч буйгаа харуулах явдал. Баярлаад байх ч юм биш. Нэгд, өөрсдийг нь элдвээр элэг барин тоглож байгаа явдлаа улам нотлон харуулж байхад өмнөөс баярлаад алга ташаад дэвхцээд байх нь хөөрхий гэнэн явдал. Нөгөө талаар нэгэнт намын жагсаалт эрх баригчдын хувьд ашиггүй болох нь тодорхой тул, тойргуудыг жижиглэж, жижигхэн тойрог дээр их мөнгө, их хүчээр тоглож гарч ирэх явдал. Богино хугацаанд /16 хоног/ болох энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр аль их мөнгөтэй нь, аль хүн олонтой нь давуу байх боломжтой.
Жижиг намуудыг, бие даагчдыг дахиад л хамтран буланд шахах нөхцөл байдлыг бий болгохын тулд сонгуулийнхаа хуулийг оролдоно. Муур багшийн үлгэрийн нэг л хувилбар. Баярлаад байх юм ер байхгүй.
Харин ийнхүү намын жагсаалтыг үгүй болгосныг эсэргүүцэж байгаа ганцхан хүч нь МАХН. Учир нь рейтинг нь санаанд оромгүйгээр өссөн энэ намын хувьд намын суудлаар буюу оймсонд хавчуулагдаж нэлээд хэдэн хүн гарч ирэх боломж байсан нь энэхүү тулсан өөрчлөлтөөр энэ горьдлого нь үгүй болж байгаа хэрэг. Тиймээс ч 2015 оны намар намын жагсаалтыг эсэргүүцэж байсан энэ нам өнөөдөр намын жагсаалтыг цуцалсныг хууль зөрчсөн явдал хэмээн хэдхэн сарын өмнө ярьж байснаасаа 180 градус эргэчихсэн эсэргүүцэж байна. Улс төрийн ямар дэглэлттэй жүжгүүд яваад байгаа нь эндээс харагдах буй за. Тэд яг шударга шаардлагыг хүлээж авч харагдаач. Зүгээр л өөрсдөд нь ашиггүй болчихсон учраас л намын жагсаалтыг хасаж байна. Муур багш шиг л. Хулганууд харин учиргүй их баярлаад байх хэрэггүй юм.
Эх сурвалж: zuvsongolt.mn