Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ирэх бүтэн сайн өдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдөр МҮЭ-ийн холбоо хөдөлмөр нийгмийн хамгааллын тодорхой асуудлаар үзэл бодлоо илэрхийлж Чингисийн талбайд жагсаал хийхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолын хэрэгжилтийг УИХ, Засгийн газраас шаардаж, хөдөлмөрчдийн дуу хоолойг төрд хүргэх юм байна. Мөн Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенцийн заалтуудыг дагаж мөрдөхгүй байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, Монгол Улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын 20 гаруй конвенцид нэгдэн орсон байдаг байна. Гэвч Эвлэлдэн нэгдэх эрх, Хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийн тухай 87, 98 дугаар конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас олон хөдөлмөр эрхлэгчид хохирч байгааг онцоллоо. Иймд МҮЭХ-ноос тус конвенцийн хэрэгжилтийг хангуулах хугацаагүй кампанит ажил эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Тус конвенцийн 87 дугаар зүйлд Ард иргэдийн эвлэлдэн нэгдэх үйл ажиллагаанд төрийн зүгээс шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасан байдаг байна.
Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн гишүүний шимтгэл гэж өөрийн цалингийн нэг хувийг сайн дураар өгдөг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нэр бүхий салбаруудын МҮЭ-ийн гишүүн байгууллагын татварыг бүтэн жил зогсоосон. Энэ асуудлаар бид зургаан шатны шүүхээр явсан. Улсын Дээд шүүхээс “Өнгөрсөн хоёрдугаар сард МҮЭ-ийн холбооны эрхэнд ноцтой халдсан байна гэсэн” шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдрийг хүртэл шийдэхгүй байна. Энэ талаар УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хандлаа. Хариу нь “дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэдэг чиглэлийг Засаг даргын орлогчид өгсөн байгаа. МҮЭ-ийн үйл ажиллагаа гишүүдийн санхүүжилтээр явагддаг юм. Тиймээс энэ санхүүжилтыг зогсоосноор хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна” гэлээ.
Эх сурвалж:Zaluu.com