“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Тухайн үед “Херо энтертаймэнт”-ийн захирал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, бичлэгийг нь хулгайлж, интернетээр цацсан явдал “том бүлэглэл”-ийн хийсэн ажил гэж мэдэгдээд байсан юм.
Гэтэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан боловч бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учраас прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан гэх сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
Тэгвэл энэ асуудлаар “Херо энтертаймэнт”-ын ерөнхий редактор Д.Батзориг, ерөнхий графикч Ц.Мөнх-Очир, менежер Г.Оюунтөгс нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд, Алдагдсан бичлэгийн тухай хэргийг шалгаж дуусаад хэргийг хаасан гэх мэдээлэл цацагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Прокурорын байгууллагаас хэргийг хаасан талаар бидэнд албан ёсоор мэдэгдээгүй.Бид бол хохирогч. Гэтэл хохирогч нь хэрэг хаагдсан эсэхийг мэдэхгүй байна гэдэг нь оюуны өмчийн болон Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангийг ноцтойгоор зөрчсөн асуудал юм” гэсэн юм. Мөн тэд, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг нэг хүний өмч биш учраас цаашид хэвийн үргэлжилнэ, зогсохгүй. Уг нэвтрүүлгийг монголчуудын түүхэнд гавьяатай хүмүүсийг мөнхлөх, соён гэгээрүүлэх үүднээс хийж эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Бичлэг алдагдсан гэх асуудлаас хойш бид 10 гаруй дугаар бичсэн. Мөн үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзана” гэлээ.