АСЕМ-ын өндөр дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ЦЕГ болон ЗЦГ-аас мэдээлэл өнөөдөр хийлээ.
Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Лхагвадорж “АСЕМ-ын дээд түвшний уулзалд долдугаар сард болно. Энэ үеэр замын хөдөлгөөн болон харуул хамгаалалтыг хэрхэн авах талаар ажлын хэсэг ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хийж байгаа. Мөн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт цагдаагийн алба хаагчдыг сургах, дадлагжуулах зэргээр сургалт хийж ажиллаж байна. Тус уулзалтын үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд хамаарагдах буюу төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Тиймээс ЦЕГ, ЗЦГ болон Төрийн тусгай хамгаалалтын хамт олонтой хамтарч ажиллах болно. Мөн түүнчлэн Сүхбаатарын талбайг тойрсон барилга байгууламжийн цонхоор бичлэг хийж зураг авсан иргэдэд хариуцлага тооцохгүй.
Одоогийн байдлаар хамгаалалтын бүсэд “Шангри-Ла” зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтаж байна. Бид удахгүй замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг өрнүүлэх талаар мэдээлэх болно” гэлээ.
Харин ЗЦГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэлэхдээ “Бид АСЕМ-ын уулзалтын үеэр хамгаалалт хийх бүсжилтээс бусад бүсжилт дээр ЗЦГ, ЦЕГ-аас ажилтнуудыг ажилуулах, нэн яаралтай дуудлагад бэлэн байх ажлыг хийхээр төлөвлөж байна. НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотойгоор тогтоол гардаг. Гэхдээ одоогийн байдлаар долдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалт хийх болно. Ер нь иргэд АСЕМ-ын үеэр аль болох автомашинтай хөдөлгөөнд оролцохгүй, явган болон унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. АСЕМ гээд Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хаахгүй гэдгийг ойлгоорой. Тодорхой хэмжээний уулзвар гарцуудыг хаана. Байнга хаалттай байхгүй” гэв.
эх сурвалж: Zaluu.com