Дархан-Уул аймгийн 55 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Дархан их урлаг II” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг Монгол Улсын филармони нээж гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд шилдэг тоглолтоо өргөн барьсан. Үүний үргэлжлэл болж дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Шинэ давлагаа”, “Сүлд хийморийн дуулал” тоглолтоо өргөлөө.
Энэ удаад тус чуулга 98 хүний бүрэлдэхүүнтэй ирж хоёр өдрийн турш Дарханчууд “Залуучууд” театрт Монгол ардын цэргийн дуу, Морьт цэрэг, Миний залуу нас цэрэг явлаа, Цэргийн бүжгийн чуулбар зэрэг цэргийн дуу, бүжгээр амьсгалсан юм. “Дархан Их Урлаг II” төслийн хүрээнд гурав, дөрөвдүгээр сард Монголын соёл урлагийн томоохон байгууллагууд болох Монгол Улсын Филармони, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлүүдийг иргэд үзэж сонирхсон бол зургаадугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Монголын Их Хатад” бүжгэн туульсаа толилуулах аж.
Ийнхүү цуврал болон хүрч байгаа “Дархан Их Урлаг II” төсөл 9 дүгээр сард Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдаанаар үргэлжилнэ.
Мөн төслөөр Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармони хамтран “Төмөртэй Дархан”-ы дуулийг шинээр найруулж тавих юм. Үүнээс гадна аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “40 жил 4 өнгө” зохиомжит концерт, “Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, “Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг, “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг зэрэг тоглолтуудыг “Залуучууд” театрын тайзнаа амилуулахаар төлөвлөж байна.