Одри Хепбёрн. Энэ нэрийг мэдэхгүй хүн байдаг юм гэхэд алаг нүд, нарийхан бэлхүүстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан дэндүү царайлаг энэ бүсгүйн дүр төрхийг нэг удаа ч болов хараагүй хүн үгүй биз ээ.
“Тиффанид барьсан өглөөний цай” киноны хэсгээс авсан энэ зураг бол Америк киноны хамгийн сэтгэлд үлдсэн дүр гэж кино судлаач, шүүмжлэгчид санал нэгтэй хэлдэг. “Ромд өнгөрүүлсэн амралт”-ын Анна гүнж, “Миний үнэнч хатагтай”-н Элиза, Сабринагийн дүрээр үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдсэн алдарт жүжигчин Одри Хепбернийг эргэн дурсъя. Одри Кэтлин Рустон англи эцэг, голланд эхийн газар дээрх ганц охин болж 1929 оны тавдугаар сарын 4-нд төржээ. Одри бол удам сайтай айлын охин. Түүний аав Английн хаан III Эдуард, Шотландын хатан хаан Мэригийн үр сад бол ээж нь Монакогийн хунтайж III Рэйнер Хампри Богартын удам юм. Түүний бага нас ч Германы хаан II Вильгелмийн Хуйс Дүүмийн ордонд өнгөрчээ.
Одригийн Хепберн овог бол эмэг эхийнх нь нэр юм. Аав нь даатгалын компанид ажилладаг байсан учир тэрээр багадаа Голланд, Бруссель, Англиар тогтмол аялдаг байж. Түүний нялх балчир нас хэсэгхэн зуур аз жаргалаар бялхаж өнгөрсөн ч зургаан настай байхад эцэг эх нь салснаар амьдралын хатуу хөтүүг амсч эхэлсэн гэдэг. Одригийн ээж аав хоёулаа Британийн фашист нийгэмлэгийн гишүүн, бүр Адольф Гитлерийг дагалдагч байжээ. Хүүхэд байхдаа их өлссөнөөс нарийхан бэлхүүстэй болжээ Түүнийг 10 настай байхад дайн эхэлж, гэр бүлд нь аюул учирч болзошгүй байсан учир аав нь Дублин руу гарч, харин Одри ээжтэйгээ Голланд руу нүүжээ. Залуу охин Голландад байхдаа консерватурт сурч балле-таар хичээллэж эхэлжээ. 1940 онд нацистууд Голланд руу довтлоход тэдний амьдрал үндсээр өөрчлөгдөв. Хэдий ээж нь фашизмыг дэмждэг байсан ч учирч болзошгүй аюулаас сэрэмжлэн Одри англи нэрээ өөрчилж, ээжийнхээ Элла нэрийг Эдда болгон түр “зээлжээ”. Гэхдээ энэ бол түүний хууль ёсны нэр биш. 1944 онд германчууд Голландын хоол хүнс, түлш шатахуунд хязгаар тогтоож, ард түмэн элгээрээ газар мөлхөхөд хүрэв. Хүмүүс өлсч, гудамжинд хөлдөж үхэж байв. О.Хепберний хойд эцгийн хүү Германы лагерьт хоригдож авга ах, нагац ах нь түүний нүдэн дээр буудуулан нас баржээ. Одри өөрөө өлсгөлөнгөөс болж анемиа өвчнөөр шаналж байлаа.
Дайн түүнд хэзээ ч мартагдахааргүй эмгэнэлт дурсамж үлдээжээ. Одри Хепберн хожим ярихдаа дайны үеийн тэмдэглэлийг бичиж үлдээсэн Энне Фрэнк охины амьдрал түүнийхтэй яг л усны дусал шиг адилхан байсан гэж дурссан байдаг. Дайн эхлэхэд тэд хоёулаа 10-тай байсан бол дуусахад 15-тай байжээ. Энне Фрэнкийн өдрийн тэмдэглэлд бичсэн бүхэн Одригийн туулсан амьдрал байв. Тэрээр “Би тэр номыг 1946 онд найзаасаа олж аваад уншсан юм. Түүнийг уншиж эхлэхэд л ухаан балартсан. Би юу уншаад байна аа. Энэ чинь миний амьдрал байна шүү дээ гэж бодсон. Тэр тэмдэглэлийн нэг хэсэгт “өнөөдөр таван хүн буудууллаа” гэж байдаг. Тэр таван хүний нэг нь миний авга ах юм шүү дээ. Дөрвөн хананы дотор суугаад тэр тэмдэглэлийг бичсэн охин миний үзэж туулсан бүхнийг давтсан байлаа” гэж хожим ярьсан байдаг. Голланд чөлөөлөгдөж, НYБ-ын анхны тусламжийн хүнс ирэхэд дайны хүнд хэцүү жилүүдэд хэтэрхий их өлссөн Одри хоолондоо элсэн сахар ихээр хольж, бүтэн лааз сүү ууснаас болоод ходоодоо өвтгөж байсан гэдэг. Түүний туранхай гоолиг бие, бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон нарийхан бэлхүүс нь үнэн хэрэгтээ хүүхэд ахуйдаа өлсгөлөн байснаас болсон юм.
Одри зовлонгоо мартах гэж багаасаа зурдаг байжээ.Түүний хүүхэд байхдаа зурсан зурагнаас одоо энд тэнд үзмэр болон тавигдсан нь бий. Гурван фунтын төлөө балетаа орхижээ 1945 онд дайн дууссаны дараа Одри Хепберн консерватураа орхиж Амстердамд иржээ. Тэнд тэрээр балетаар үргэлжлүүлэн хичээллэж, Английн жүжигчнээс жүжиглэх урлагт суралцаж эхэлжээ. 1948 онд Лондон явж бүжгийн хичээлд анхаарах болов. Сургалтын төлбөрөө олохын тулд зав чөлөөтэй цагаараа фото моделиор ажиллаж, зургаа авахуулна. Алдарт Мэри Рамбертын удирдлага дор хичээллэж байсан түүнийг хэрвээ жүжигчин болоогүй бол жинхэнэ мэргэжлийн балетчин болох байсан, түүний бие ч гайхалтай зохицно гэж хожим түүнийг нэртэй болсны дараа багш нь ярьсан байдаг. Одригийн ээж охиндоо нэмэр болох гэж удам судраа ч мартан үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилладаг байжээ. Тэрээр багаасаа хичээллэсэн балетаа мөнгөнөөс болж орхисон гэдэг. Жүжиглэвэл балетаас арай илүү цалин хөлс авах боломжтой гэдгийг мэдээд бүжгээ орхисон байна. Гэхдээ энэ хоёр мэргэжлийн хооронд ердөө гурван фунтын л ялгаа байв. Хэдий тийм боловч Одрид ганц фунт ч гэсэн үнэтэй байсан учир мэргэжлээ солиход харамсаагүй гэдэг.
Эрэгтэй жүжигчид түүнтэй хамт кинонд тоглохыг мөрөөддөг байв Одригийн хамгийн анхны дүр “Голланд хэлийг долоон хичээлээр сурсан нь” гэдэг кино байжээ. Тэр дэлгэцийн бүтээлийн хажуугаар тайзны урлагт хүч сорьж, жүжигт давхар тоглож байлаа. “Монте Карлогийн хонгор” нэртэй кинонд тоглож байгаад Броудвэйн “Гиги” хэмээх алдартай жүжгийн гол дүрийн урилга авчээ. Энэ бол зургаан сарын турш 219 удаа тоглосон алдартай жүжиг юм. Түүний хамгийн анхны томоохон дүр нь “Нууц хүмүүс” киноны балетчин байв. Тэр энэ кинонд авьяасаа харуулж, орлон тоглогчгүйгээр өөрөө бүжиглэсэн байна. Харин түүнд жинхэнэ алдар нэр авчирсан кино бол бидний сайн мэдэх “Ромд өнгөрүүлсэн амралт” юм. Тэрээр энэ кинонд Холливудын сайхан залуусын нэг Грегорий Пектэй хамтран тоглосон билээ. Киноны продюсерууд эхэндээ энэ дүрд тухайн үед ид мандаж байсан Элизабет Тэйлорыг тоглуулахыг хүсч байсан гэдэг. Гэвч кино пробын үеэр шалгуулахаар ирсэн Одри Хепбернийг найруулагч нь хараад л гэмгүй, энхрий ялдам, хөгжилтэй Анна гүнж дүрээрээ зогсч байна хэмээн эргэлзэх зүйлгүй түүнийг сонгожээ. Энэ кино амжилтын замыг нь нээсэн учраас Одригийн хамгийн хайртай бүтээл гэж хэлсэн байдаг. Энэ кино эрэгтэй гол дүрийн жүжигчин Грегорий Пекийн далбаан дор үзэгчдийн анхаарлыг татаж, далимд нь шинэ жүжигчин Одри Хепберн олон нийтийн анхааралд өртсөн юм. Кинонд тоглосны дараа Г.Пек түүнийг гүнжийн дүрээр гарцаагүй “Оскар” авна гэж хэлж байсан нь биеллээ олж, Одри АНУ-ын Кино академийн өндөр үнэ цэнэтэй шагналын эзэн болов. Тэднийг бие биедээ дурласан гэж кино гарсны дараа хэсэг шуугьсан ч үнэндээ О.Хепберн бага зэрэг сэтгэл татагдсанаас хэтрээгүй гэдэг.
Ер нь, Одри тухайн цаг үеийнхээ Холливудын хамгийн сайхан гэсэн залуустай хослон тоглосон юм. Тухайлбал, “Сабрина”-д Хампри Богарт, “Дайн ба Энх”-д Хенри Фонда, “Хөгжилтэй царай”-д Фред Астэйр, “Yд дундын дурлал”-д Гэри Күүпер, “Тиффанид барьсан өглөөний цай”-д Жорж Пеппард, “Хуурмаг явдал”-д Кэри Грант, “Робин Мариан хоёр”-ын Шон Коннери гээд гялалзсан амжилттай жүжигчид түүнтэй хослон тоглосон юм. Тэд бүгд л Одриг сайн жүжигчин, сайхан эмэгтэй гэж дуу нэгтэй шагшдаг байлаа. “Ромд өнгөрүүлсэн амралт” киноны Г.Пек түүнтэй насан туршийн сайн найзууд хэвээр үлджээ. Одриг өнгөрсний дараа Г.Пек телевизийн камерын өмнө түүний сонсох дуртай Р.Тагүрын “Дуусашгүй хайр” дууг нулимстай дуулж найзыгаа дурсч байв. Өмнө нь, Одритой хослон тоглохоос хоёр ч удаа татгалзаж байсан алдарт жүжигчин Кэри Грант “Хуурмаг явдал” кинонд түүнтэй хамтран ажилласны дараа “Зул сараар Санта Клаусаас хүсэх ганцхан зүйл бол Одритой хамт дахин нэг кинонд тоглох” гэж хэлсэн байдаг. Тэрээр өмнө нь “Ромд өнгөрүүлсэн амралт”, “Сабрина”-д гол дүрд тоглох урилга авсан ч Одри өөрт нь хэтэрхий залуудна, дээр нь туршлагагүй, нэрд гараагүй гээд голж байсан юм. Оскарыг Алтан бөмбөрцөгтэй хослуулсан гуравхан жүжигчний нэг “Ромд өнгөрүүлсэн амралт”-ын гүнжийн дүр араасаа амжилт дагуулав. 12 сарын дотор долоон киноны гэрээ хийж, хажуугаар нь тайзны жүжигт тоглох гээд ажил ундарч, нэр хүнд нь ч өслөө. Энэ киноны дараа Сабринагийн дүрд тоглох болов.
“Сабрина”-гийн найруулагч түүний киноны хувцас загварыг алдарт Хьюберт де Живеншид даатгасан нь том боломж нээсэн юм. Одрийг анх Живеншитэй уулзахаар ирэхэд нь алдарт дизайнер нэрд гарсан жүжигчин Катерин Хепбернийг ирнэ гэж хүлээж байжээ. Гэвч хүлээсэн хүн нь биш залуухан, шинэ жүжигчин ирсэнд Живенши урам хугарсан гэдэг. Гэхдээ Одри сэтгэл татам аалийнхаа ачаар түүнтэй хэдхэн хормын дотор сайхан танилцаж, хожим насан туршийн сайн найз, ажлын хамтрагч болжээ. “Сабрина” кино зураг авалтынхаа үеэр Одри гэр бүлтэй жүжигчин Уильям Холденд сэтгэл алдарч, түүнтэй амьдарч, үр хүүхэдтэй болно гэж мөрөөдөх болжээ. Гэвч кино гарсны дараа удалгүй тэд салсан нь У.Холден хүүхэдтэй болохгүйн тулд үрийн сувгаа боолгох мэс засал хийлгэсэнтэй холбоотой байж. Хэдийгээр хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн ч дараагийн уран бүтээлдээ цаг алдалгүй орсон нь Одриг шинэ хайр дурлалтай учруулжээ. Тэрээр “Ондин” хэмээх жүжигт хамтран тоглосон жүжигчин Мел Феррертэй хайр сэтгэлийн холбоотой болж, жилийн дараа гэр бүл зохиов. Тэр энэ жүжигт тоглож байхдаа од болон гялалзаж байлаа. “Ромд өнгөрүүлсэн амралт” киногоороо “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагнал дараалан хүртэж, гэр бүлийн амьдрал нь ч тэгш сайхан жаргалтай байв. “Оскар” гардсанаас ердөө зургаан долоо хоногийн дараа “Ондин” жүжгээрээ “Тони”-гийн шагнал хүртэж, нэг жилийн дотор энэ гурван шагналыг хүртсэн гуравхан эмэгтэй жүжигчний нэг болсон юм. Тэрээр үүнээс гадна Эмми, Грэммийн шагналыг ч өөрийн болгосон билээ.
1950-иад оны моод дэлгэрүүлэгч Одри зөвхөн кино ертөнцийн од байгаад зогсохгүй 1950-иад оны загварын чиг хандлагыг тодорхойлогч, тухайн цаг үеийнхээ нүүр царай нь байлаа. Түүний шавилхан бие, хүүхдэрхүү царайг хүн бүр бишрэн шүтэж, ийм төрхийг нь дуурайх явдал ч түгээмэл болжээ. “Тиффанид барьсан өглөөний цай” кинонд гардаг дэгжин бүсгүй Холлигийн дүрээр загварын ертөнцөд түүний нэр нөлөө бүр ч өсчээ. Чухам энэ үеэс л “Жижигхэн хар даашинз” шинэ загвар, моод болсон түүхтэй. “Сабрина”-гийн үеэр найз нөхөд болсон Живенши Холлигийн дүрд зориулж жижиг хар даашинз урласан нь өнөө хүртэл сонгодог хэв загвар болон үлдсэн юм. О.Хепбернд зориулан хийсэн энэ алдарт хар даашинз 2006 онд Кристигийн дуудлага худалдаагаар 947 мянган ам.долларын үнэ хүрсэн. Хамгийн тансаг даашинзнаас гэхэд долоо дахин үнэтэй О.Хепберний энэ хувцас өдгөө Живенши брэндийн музейд хадгалагдаж буй. Цаг хугацаагаар шалгагдсан гоо сайхан Одри Хепберний алдар нэр нэгэн цаг үед амьдарч байсан Мэрилэн Монротой эн тэнцүү түгж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедид төрсөн өдрийн дуу зориулан дуулсан эмэгтэй ганц М.Монро биш юм. Одри Хепберн ч Ж.Кеннедигийн хамгийн сүүлчийн төрсөн өдрөөр “Төрсөн өдрийн мэнд хүргэе, хүндэт Жэк” хэмээн дуулж байв. Алдар цуугаараа адил тэнцүү Одригийн амьдрал М.Монрогийнхоос газар тэнгэр шиг ялгаатай байсан юм. Тэр их гэрсэг, нам тайван амьдрахыг хүсдэг, жирийн амьдралд дуртай нэгэн байв. Гэвч амьдралын зам нь тийм ч дардан байсангүй.
1967 онд “Харанхуй болтол хүлээ” кинонд тоглосон нь түүний хувьд хамгийн хүнд дүр байсан гэдэг. Учир нь, энэ кинонд хараагүй бүсгүйн дүр бүтээснээс гадна нөхрөөсөө салж, гэр бүлийн амьдрал нь нурж унахын ирмэг дээр ирээд байжээ. Энэ киног найруулсан нөхөр М.Феррертэйгээ цаашид амьдрах боломжгүй гэдгийг Одри хамт ажиллаж байхдаа ойлгож, дэлгэцэнд гараад удаагүй байхад нь салсан юм. Сэтгэлийн дарамтаас болж Одри энэ үед 15 фут турсан гэдэг. Феррер, Одри хоёр 13 жил амьдарч, нэг хүүтэй болжээ. Тэрээр өмнө нь хоёр ч удаа бие давхар болсон ч ажлын ачаалал, ядаргаанаас болоод бүтээгүй аж. Энэ үед түүнийг туранхай гоолиг байхын тулд хоолоо сойсны улмаас хүүхдээ тээж чадаагүй гэж шүүмжилж, бүр “Цаг хугацаагаар шалгагдсан гоо сайхан” гэдэг дуу хүртэл гарч гоочилж байжээ. Тиймээс Одри гурав дахь удаа хүүхэд олохдоо хамаг ажлаа хойшлуулж, тун болгоомжтой байсны ачаар Шон хүүгээ 1960 онд төрүүлжээ. Тэр үүнээс арван жилийн дараа Лука гэдэг хоёр дахь хүүгээ төрүүлсэн юм. Лука бол түүний хоёр дахь нөхөр, Италийн сэтгэл зүйч эмч Андреа Доттигийн хүү юм. Одри А.Доттитой бас л 13 жил амьдраад хоёр тийш болсон. Түүний нөхөр залуухан охинтой нэр холбогдсоны дараа Одри гэр бүлээ цуцлуулсан байна. Одригийн анхны нөхөр Мел Феррерийг ч нууц амрагтай болсон учраас салсан гэдэг. Гэхдээ тэр үед Одри “Замын хоёр” кинонд хамтран тоглосон залуу жүжигчин Альберт Финнитэй учиртай болсон гэх яриа ч байдаг. Бүтээгүй хэд хэдэн хайр дурлал, удаан үргэлжлээгүй хоёр гэрлэлтийн дараа амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг Одри Голланд жүжигчин Роберт Уолдерстой хамт өнгөрүүлсэн юм. Тэд арав гаруй жил хамт амьдарсны дараа Одри “Энэ бол миний хамгийн жаргалтай үе байлаа” гэж хэлсэн байдаг. Харин яагаад албан ёсоор гэрлээгүйг нь асуухад “Хүмүүст л мэдэгдээгүй болохоос бид хуримаа хийсэн” гэж хариулжээ.
Таван хэлээр ярьдаг энэрэнгүй сэтгэлтэн Одригийн хамгийн сүүлчийн бүтээл нь 1988 онд дэлгэцэнд гарсан Стивен Спилбергийн “Yргэлж” нэртэй кино байв. Тэрээр энэ кинонд тоглож байхдаа НYБ-ын Хүүхдийн сангийн элчээр өргөмжлөгдсөн юм. Тиймээс Одри амьдралынхаа сүүлчийн жилүүдийг бусдын төлөө үйлсэд зориулжээ. Өөрөө багаасаа дайны хөлд зовж зүдэрч өссөн учраас Африкийн ядуу буурай орнуудад очиж, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ тусалж байв. Этиоп, Сомали, Бангладеш, Вьетнам гээд дэлхийн өнцөг булан бүрт тусламж хэрэгтэй газар бүхэнд ажлынхаа хажуугаар очиж, хандив өргөж, өөр рүү нь чиглэсэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг Африк, Азийн зовж зүдэрсэн эх хүүхдэд туслахыг урилахад хандуулж байв. Түүнийг ийн олон орноор явахад Франц, Итали, Англи, Голланд, Испани хэлээр чөлөөтэй ярьдаг чадвар нь тус болж байсан гэдэг. Одри Хепберний бусдын төлөө гэсэн энэ үйлсийг үнэлж АНУ-ын Ерөнхийлөгч Эрх чөлөөний одонгоо гардуулж, хожим нь олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд нэр хүндтэй шагналаа нөхөн олгосон юм. Бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй гэж зүй ёсоор үнэлэгддэг Одри Хепберн ходоодны хорт хавдрын улмаас 1993 онд 64 насандаа таалал төгссөн юм.
Эх сурвалж: Сүхээ ах блог. Т.Сүхбаатар
mnb.mn