Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
Манай улсын хувьд 2015 онд 55.9 сая мал бүртгэснээс баруун бүсэд 13.7 сая, хангайн бүсэд 20.5 сая, төвийн бүсэд 13.2 сая, зүүн бүсэд 8.2 сая мал тус тус байна.
Сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчин улсын хэмжээнд тодорхой давтамжтай гарч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортод гаргахад бэрхшээл болж байна. Одоогоор баруун болон төвийн бүсийг малын вакцин тарьдаггүй өвчингүй, тайван, зүүн бүсийн малыг вакцин тарьдаг өвчингүй, тайван бүс болгох зорилгоор ажиллаж байна. 2016 оны байдлаар ОХУ-д үхэр, хонь, адууны түүхий махыг тус улсын хойд мужууд руу, БНХАУ-д үхэр, хонь, ямааны түүхий махыг анх удаа экспортлох боломжтой болсон бөгөөд БНСВУ-д мөн гүн хөлдөөсөн хонь, ямааны мах экспортлох талаар зөвшилцсөн байна.
Иймд Монгол Улс газар зүйн байршлын давуу тал, бэлчээрийн мал аж ахуйн өв соёл, газар нутгийн нөөц, хөрсний үржил шим, дахин сэргээгдэх баялагт суурилсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг экспортын баримжаатайгаар бүсчлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг ашиглах хэрэгтэй байна. Ялангуяа хөрш хоёр орны мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ бидний томоохон зах зээл болохоор байна. Тухайлбал, ОХУ 2014 онд 633.1 мянган тн үхрийн мах, 9.7 мянган тн хонь, ямааны махыг Бразил, Парагвай, Беларусь, Аргентин, Уругвай улсаас тус тус импортолсон байна. Харин 2014 онд БНХАУ-ын үхрийн махны импорт 297.2 мянган тонн, хонь, ямааны махны импорт 282.8 мянган тоннд хүрсэн байна. БНХАУ-ын махны импортын 42 хувийг Австрали, 34 хувийг Шинэ Зеланд, 16 хувийг Уругвай улс тус тус бүрдүүлжээ.
БНХАУ их хэмжээний мах тэр дундаа богийн мах Монгол Улсаас импортлон авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Тухайлбал, БНХАУ-ын Махны холбоо 1 тэрбум ам.долларын үхэр, хонь, ямааны махыг 2018 он хүртэл импортлох талаар Монголын махны холбоотой гэрээ байгуулсан байна.
Гэтэл манай улсын мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлаас хамааран БНХАУ-д зөвхөн баруун бүсийн 5 аймгаас л түүхий мах бэлтгэн экспортлох хязгаарлалттай тулгараад байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс мал, амьтны гоц халдварт өвчнөөс өндөр хэмжээнд урьдчилан сэргийлсэн, хорио цээрийн байнгын хяналтыг тогтоосон бүсүүдийг бүх бүс нутагт байгуулан экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг цонхны бодлогыг бий болгох шаардлагатай байна. Цаашлаад уг бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, түүнийг баталгаажуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх зэргээр хөдөө аж ахуйг олон улсын зах зээлийн чиг баримжаатайгаар эрчимтэй хөгжүүлэх боломж болох юм.