5 дугаар сарын 9-ний өдөр бол Монгол-Оросын ард түмний хувьд хэзээ ч мартаж үл болом, түүхэн өдөр билээ. Энэ жил Аугаа их Эх орны дайны Ялалтын 71 жилийн ой тохиож байна. Энэхүү Аугаа их ялалтын баярыг угтан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа Алтанбулаг суманд боллоо. Энэ сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич, дэд консул С.Н.Чужаев, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, нутгийн ард иргэд оролцжээ.
Эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ хайрлахгүй тэмцсэн баатарлаг хөвгүүд, охидынхоо гэгээн дурсгалыг эх орон ард түмэн, хойч үеийнхэн чинь үеийн үед санаж, дурсаж, мөнхжүүлэх болно. Олон жилийн түүхтэй Монгол, Оросын ард түмний найрамдал үүрд мандан бадраг гэж ёслолын арга хэмжээний үеэр үг хэлсэн хүн бүр онцолж байв. Мөн энэ үеэр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Д.А.Цыденишиевич ярихдаа:-Зөвлөлт дайчдын ялалтыг хүндэтгэн босгосон Алтанбулаг сум дахь энэхүү хөшөөг арчилж, хамгаалж буй Сэлэнгэ аймгийн удирдлага, Алтанбулаг сумын удирдлагад талархаж буйгаа илэрхийлээд ялалтын баярыг монголчууд жил бүр ёслол төгөлдөр, сайхан тэмдэглэж ирдэгт баярлаж явдаг хэмээн хэллээ.