АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол 5 дугаар сарын 6-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй албаны хүмүүс болон Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, буцалтгүй тусламж хүлээн авч буй байгууллагуудын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад зочид буудлын тавилга зэрэг байгаа юм.
Тусламжийн эхний хэсэгт гудамж, зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, нисэх буудлын тусгай зориулалттай 11 машин, техник, тоног төхөөрөмж, гал командын нэг машин зэргээс гадна цагдаагийн өмсгөл, хэрэгсэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Тусламжийн үлдсэн хэсгийг энэ 5 дугаар сард багтаан нийлүүлэх бөгөөд БНХАУ-ын мэргэжилтнүүд ирж машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгаж, ажилд бэлтгэх болон зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалтуудыг зохион байгуулах аж.