Н.Энхбаярт тамганаас өөр зүйл үлдэхгүй нь үү?

Сонгууль болоход ердөө 43 хоног үлдчихээд байна. Улстөрийн намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчдээ зарлах учиртай. Үүнээс өмнө намын төв байгууллагууд хуралдан, дотоод санал хураалтаар нэр  дэвшигчдээ тодруулна. Тухайлбал, МАН Бага хурлаараа нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах бол АН-ын олон фракциудын санал ҮЗХ дээр шийдлээ олох юм.

0ab4046a9ae570895f7d7c58e920b5aa

Гэтэл улстөрийн ийм эгзэгтэй цаг үед МАХН-д нь тамга нь л үлдэх үү гэсэн дүр зураг харагдаж эхэллээ. Удаан хугацаанд Н.Энхбаяртай үзэл бодол нийлэхгүй явсан Д.Тэрбишдагва гишүүн, МАН-тай эвсэх асуудлаар ажлын хэсэг ахалж байсан Ч.Улаантай хамт урваснаас хойш  гишүүд нь шил дараалан намаасаа түдгэлзэж буй юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Дугаржав тэргүүтэй хүмүүс гишүүнчлэлээ солихдоо “Ганц хүний эрх ашигт хэтэрхий их автсан” гэх үгээр МАХН-ыг тодорхойлов.

Мөнхүү үүнтэй зэрэгцээд Н.Энхбаярыг баригдаж байх үед Ч.Улаан, Д.Тэрбишдагва нартай гар нийлэн, түүний төлөө дуугарч явсан Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат хүртэл МАН-д элсэхээр яригдаж буй гэх. Улмаар Н.Энхбаярын хамгийн хэцүү цаг үед хамт байсан түүний эмч Л.Жамбалжав  намаасаа гарахаа мэдэгдэв. Тэрээр Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн хэдий ч ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авахаас татгалзсан  нь бий. Тухайн үед Л.Жамбалжав эмч Н.Энхбаярт хандан өөрийг нь зүтгүүлэх талаар хүсэлт явуулсан талаарх хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

Өнөөдөр МАХН-аас мөн л нэр бүхий гишүүд нь гарна гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал зарлажээ. Холимог тогтолцоогоор сонгууль явагдсан бол МАХН дахин бүлэг байгуулах хэмжээнд суудал авахаар байсан гэх тодруулыг  өгч буй. Нэгэнт сонгуулийн  хууль жижиг намуудад халтай байдлаар өөрчлөгдсөн тул МАХН-д одоо Н.Энхбаярт түшиглэсэн сонгуулийн стратеги л үлдсэн. Гэтэл өнөөх гол ноён нуруу, бэлгэ тэмдэг болсон хүнээс нь гишүүд нь зугтаад байдаг.  Үнэхээр Н.Энхбаяр болохгүй байна уу, эвсэл түүнийг сонгуулийн өмнө ямар ч тамиргүй болгохын тулд гаднаас чулуу нүүлгээд байна уу гэдэг асуултууд аль аль нь эргэлзээ төрүүлнэ.

Одоо Н.Энхбаярт О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Эрдэнэжамъян, Б.Тулга тэргүүтэй улстөрийн “өлчир” улс нь үлдэж байна. Энэ байдлаараа бол МАХН сонгуульд оролцож чадах эсэх чадамжийн асуудал ч хүртэл сөхөгдөхөөр харагдаж буй юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …