
Улаанбаатар дахь Олон Улсын дунд сургуулийн сурагчдын санаачилгаар “Усны төлөө гүйцгээе” аян өнгөрсөн бямба гарагт боллоо. “Дэлхий даяар усаа хайралцгаая” уриатай “Марапон” гүйлтийн аян ийнхүү долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн аянаа “Хатан Туулаа Хамгаалах Үндсэний Хөдөлгөөн”-ий үйл ажиллагааг дэмжин оролцсон. 20 гаруй улсын залуус нийлсэн 300 гаруй хүн оролцож 2, 4, 8 километрт гүйсэн юм.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Дэлхий нийтээр усны төлөө нэгдэхийг уриалсан түүхэн үйл явдал юм хэмээн зохион байгуулагчид хэлж байсан. Уг арга хэмжээнд “Хатан Туулаа Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагар үг хэлсэн юм.
Тэрээр “Хатан Туулыг хамгаалах зорилготой бидний үйл ажиллагааг олон аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс дэмжиж, гар бие оролцож байгаад талархаж байна. Үүний нэг тод жишээ нь өнөөдрийн энэхүү сайхан арга хэмжээ гэж харж байна. Улаанбаатар дахь Олон Улсын дунд сургуулийн 300 гаруй багш, сурагч, ажилчид усны төлөө нэгдэж энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бидний ундны ус болох Туул гол ямар хэмжээнд эрсдээд буйг хүн бүр мэдэрч бидэнтэй хамтран байгаль эх, Туул голоо хамгаалах үйлсэд нэгдэж хамтран ажиллах санал тавьж байгаа олон байгууллага байна. Тухайлбал Нийслэлийн цагдаагийн газар болон “АПУ” компаниас манай хөдөлгөөнийхөнтэй хамтран ажиллаж Туул голын эрэг дагуу хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх хөрсний бохирдолыг бууруулах гэгээн үйлсэд нэгдэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь цаашид ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг Туул гол, байгаль орчин, ногоон байгууламжаа хайрлан хамгаалахад томоохон түлхэц болж байгаа юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэсэн юм” гэсэн юм.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл