МАХН-ын удирдах түвшний 12 хүн намаасаа гарлаа

МАХН-аас нэр бүхий 12 гишүүн гарч буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн МАХН-ын дэд дарга Д.Батмөнх, Бага чуулганы гишүүн Т.Дуламдорж, МАХН-ын гишүүн АШЁМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын албаны дарга Г.Энхтөр, Баян-Өлгий аймгийн МАХН-ын дарга А.Алаубек, Баянзүрх дүүргийн МАХН-ын дэд дарга А.Үүрцайх, Чингэлтэй дүүргийн МАХН-ын Нарийн бичгийн дарга Ү.Тэгшбаатар,СХД-ийн МАХН-ын гишүүн Б.Цолмон, Баянзүрхийн 16 үүрийн дарга Ш.Дагва, Чингэлтэйн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Төрмөнх, Чингэлтэйн АШЁМЭХ-ны тэргүүн Л.Тэрбиш, МАХН-ын гишүүн Т.Цэдэндамба нар МАХН-аас гарч байгаа ажээ. Хэвлэлийн хурлын үеэр Д.Батмөнх хэлэхдээ ” МАН, МАХН нэгдэж эвсч сонгуульд орох ажлыг удирдлагууд нь хамтдаа санаачилсан. Эх орончдын баярын өдрийг хамтдаа тэмдэглэж эгэл жирийн гишүүдэд хүлээлт үүсгэчихээд эцэст сүүлдээ хамтрах асуудлыг шийдээгүйд харамсч байна.

Хоёр намын дарга нар нь нэгдэж чаддаггүй юм бол гишүүд нь нэгдэж чаддаг гэдгийг харуулах гэж байна. Аливаа жижиг зүйлс томруугаа тэмүүлдэг. АН-ыг дагаад жижиг намууд нэг талдаа гарчихлаа. Нөгөө талд өнгөрсөн түүхийн хугацаанд Монгол Улсыг авч явж байсан МАН ганцаараа гарсан байгаа. Тиймээс бид ч гэсэн нийтлэг эрх ашиг, том зорилгын төлөө нэг талдаа гарч байна. Ганцаараа явбал хурдан, олуулаа явбал хол явна гэж үг бий. Энэ зарчмыг барих үүднээс асуудлынхаа нэг талд гарч байна” гэлээ. Харин Баянзүрх дүүргийн МАХН-ын дэд дарга А.Үүрцайх “Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэдэг МАХН-ын ярьдаг үнэт зүйлс бодит байдал дээр худлаа байдаг.

Залуу, ахмадуудаа хүндэтгэдэггүй. Биднийг намаас гарсан учраас урвагч, шарвагчаар нь дуудаж байна. Би хувьдаа сэтгэхүйд буй хирнээсээ салж байна гэж ойлгож байна” гэсэн юм. Ийнхүү Н.Энхбаяр гэх ганц хүний намаас гишүүд нь ар араасаа гарч эхэллээ. Энэ намд хүн үлдэх нь үү гэж халаглах хүмүүс ч цөөнгүй байна.

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …