УИХ-ын гишүүн асан, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр Ардчилсан хүчний холбооны гишүүд дэмжигчдийн дунд нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уг лекцийг “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулжээ. Б.Батбаяр хойч үеийн төлөөлөл болсон залуучуудтай мэдлэг, туршлагаасаа хуваалцсан байна.
Б.Батбаяр “Амжилтанд хүрэхийн төлөө миний хувьд хоёр зарчмыг баримталч ирсэн. Нэгт зоригтой тууштай байх хэрэгтэй. Ардчилсан хувьсгалаас хойш хүн бүр ганзагийн наймаа эрхэлсэн. Тэр үед би ч гэсэн бусдын адилаар наймаа хийдэг байлаа. Бизнес анх хийхээсээ өмнө төрд алба хашдаг, боломжийн цалин авчихдаг байсан. Түүнийгээ орхиод хувийн хими цэвэрлэгээний газар ажлуулсан. Улсын боломжийн цалинтай ажлаа орхиод хувийн юм хийнэ гэхээр ойр төрлийн найз нөхөд намайг “Ямар тэнэг юм бэ. Болиоч” гэж хэлж байсан. Гэхдээ тэр үед хими цэвэрлэгээний газар ажлуулах нь ашигтай юм байна гэж би ойлгож байсан учраас хийхээр шийдсэн байсан. Зээл авч эхлүүлсэн хими цэвэрлэгээний газар маань ашигтай байсан учраас дөрвөн сарын дотор л зээлээ төлөөд дуусгасан. Бизнес хийе гэж байгаа бол шинэ бизнес эхлүүлэх хэрэгтэй. Түүнийхээ төлөө зоригтой, тууштай байх хэрэгтэй. Нөгөө талаар зогсолтгүй хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг” хэмээн залуустай туршлагаасаа хуваалцсан юм.
Тэрээр өөрийн туурвисан “Хүүдээ бичсэн захидал” номоо залууст бэлэглэлээ. Батж.Батбаяр “Хүүдээ бичсэн захидал” бүтээлээ 40 мянга гаруй хэвлэж олон нийтийн хүртээл болгосон байна.