Өнөөдөр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан Холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлаар Хүнс Хөдөө аж ахуйн яамны “булхайтай” үйлдэл гэж ирээд л ярьж гарлаа. Зорилго нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормааг албан эрх мэдэл, тушаалаа ашиглан стандартын “шаардлага хангаагүй” буудайг 2-р зэргийн болгон “хувиргалаа” гэх гомдол тээсэн хэвлэлийн хурал байв.
Гэвч мэдээлэл учир дутагдал ихтэй. Хэт нэг талыг барьж байгаа нь харагдав. 55 жилийн хугацаанд ургац алдаагүй яамандаа итгэх үү, сүүлийн үед шуугиан тарьж, арвай буудайгаа газар асгаж “шоудаж” байгаа холбооныхонд итгэх үү гэх асуудал гарч ирж байна. Ер нь “Газар тариалан холбоо”-ны хийж буй мэдээ, мэдээлэл салбарын тулгамдсан асуудал гэхээсээ яамны сайдад “дуртай, дургүй”-дээ л байна гэж ажиглагдав. Гэтэл яамыг хэн удирдах нь тийм ч сонин биш.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, орлого, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршдог. Яамны удирдлагууд ч энэ эрхэм зорилгыг хангаж, ажилладаг.
Гэтэл “Газар Тариалан Холбоо” гэх хэзээ байгуулагдсан нь мэддэгдэхгүй холбоо олон жилийн түүхтэй салбарын үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Үүний цаад зорилго нь ерөөсөө холбооны ерөнхийлөгч болох Л.Цандэлэгийг сонгуульд ялалт байгууллуулахын төлөө ч юм шиг.
Улмаар сонгуулийн ажилдаа бүхэл бүтэн яамыг, улсын мэргэжлийн хяналтын байцаагчийг холбогдуулан иргэдийн “толгойг угааж” байна гэсэн “хардлага” төрөөд байгаа юм. Үр тариагаа зөв санаа сэтгэлтэйгээр, зөв үйл үйлдэлтэйгээр тариад идчихвэл “рашаан болох” буй. Юунд олон жилийн туршлагатай яамыг нэг хүний өмч мэтээр үзэн “доромжилж”, урд урдын түүхэн цагаан мөрөнд бараан сүүдэр унагана вэ?
Яам гэдэг нь мэргэжлийн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж хүрээгээ тэлж байдаг Монгол улсыг олон улсад тухайн салбараараа төлөөлж чадахуйц байгууллага. Холбоо гэдэг нь сэтгэл санаа нийлсэн хэсэг иргэд бие биенийхээ болон гишүүдийнхээ сайн сайханд үйлчилдэг төрийн бус байгууллага. Үүнд статусын ялгаа ч байна.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд ГТХ-ны УЗ гишүүн Б.Эрдэнэбатын ярьснаар:
“Яамныхан чанарын шаардлага хангахгүй тариагаа шахаж байна. Өвчлөлтэй үрнээс өвчлөлтэй тариа л ургана. Хүнсний аюулгүй байдал энд алдагдаж байна. Хүн бүрийн идэх будаа дээд зэргийнх байх ёстой” гэлээ.
Харин салбар яам тэдний өвчлөлтэй гэж дүгнээд байгаа үрийн буудайны тухай “Үрийн буудай дөрвөн ч удаагийн шинжилгээ хийж, стандарт, чанарын шаардлага “хангасан” гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагууд болох гааль, МХЕГ-уудаас гаргасан” /2016.05.05/гэж мэдээлсэн юм.
Тариалан эрхлэгчид үрийн буудайг өвчтэй гэнэ. Харин салбарын яам нь олон удаагийн шинжилгээнд хамрагдсан гэнэ. Гэтэл энэ бүх маргааны дараа иргэд л толгой нь эргэж хоцрох юм. Хэн нэгний улс төрийн ч гэж хардаж болзошгүй үйлдлээс болоод иргэд хохирч үлдэж байгаа харамсалтай. Ямартай ч тариа хөрсөндөө “шингэж”, тариалалт эхэлсэн энэ цаг үед “хэрүүлээ” зогсоож, арвин ургац авах их үйлсэд “нэг зорилго”-оор нэгдэх орохгүй бол хугацаа алдах нь байна.
Б.Саран