Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хэл ам “хэзээ ч тасрахгүй” бололтой. Тэднийг согтуу жолоо атгадаг, ядаргаатай явдаг, хүнээ бүрэн буулгаж суулгадаггүй, хурд хэтрүүлдэг, буудал дээрээ зогсдоггүй, хоорондоо уралддаг, хүн чирдэг, хүн дайрдаг, мөргөдөг гээд тэднийг тойрсон асуудлууд маш их. Баруун Европд хамгийн гоё ажлын тоонд нийтийн тээврийн үйлчилгээний ажил багтдаг. Яг цагтаа тарж, цагаараа хүн тээврээ “хийчээд” л тардаг.
Гэтэл манайд энэ төрлийн үйлчилгээгээ төр мэдлээсээ гаргасан болохоор “Тэнүүн-Огоо” мэтийн автобус компаниудын үйлчилгээ “ОО” зааж, мөн жолоочийн хариуцлага ихээр алдагдсан байдаг. Том оврын автобусны жолоочийн ажил маш хэцүү гэх, үнэндээ уурхайн тоосжилт ихтэй орчин биш, гадаа үүрээр зам цэвэрлэдэг хүмүүсээс гайгүй орчинд “гайгүй” ажил санагдана. Ер нь амархан “олддог” мөнгө гэж байхгүй. Ажил мэргэжилдээ дуртай л байвал та юуг ч сэтгэлээрээ хийж чадна.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар үүнийг тэр бүр сайн мэддэггүй хэрэг үү. “Хүн бус” үйлдэл гаргаж байгаа нь тэднийг хүн байхын учирт “сургаагүй” байгаагын илрэл байх. Хүн байхын учирт автобусны компаниуд ажилчдаа сургаж, уур бухимдал, стрессгүй байхыг зааж зөвлөж байх нь чухал. Ажилдаа сэтгэлээрээ дурлаж хийж байгаа жолоочийн автобус нь хүртэл нэг л сэтгэлд дулаахан, мөн хийсэн ажил гарт нь орсон байдаг.
Харин тийм жолоочид “Тэнүүн-Огоо” компаниас бусдад нь байдаг нь анзаарагддаг. Тэгвэл “Тэнүүн -Огоо” гэх олон жилийн турш хүн тээвэрт явж байгаа компани өдийг хүртэл туршлагажаагүй байгаагын шалтгаан нь удирдлагуудад нь байна уу. Хамгийн муу муухай үйлдэл “Тэнүүн-Огоо” компаниас гарч байхад иргэд хэрхэн итгэж амь насаа даатган үйлчлүүлэх вэ. Өнгөрөгч долоо хоногт буудал дээр зогсож байсан иргэнийг мөн тус компанийн жолооч мөргөн унагаж, амь насанд нь хүрсэн.
Ийм мэт “бусармаг” үйлдэл ээ хэзээ засах вэ? Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа тус компанийн сахилга бат муу байгаа учраас тус компани өөрийн үйлдлээ, жолоочийн сахилга батаа засахгүй бол нийтийн тээврийн “үйлчилгээнд гаргахгүй” байвал яасан юм бэ. Хотын хэдэн иргэд л ажлаасаа хоцроно биз, хүний аминд хүргэж, нэгнийгээ бурханы оронд цаг бусаар залж байснаас ажлаасаа 10 минут хоцросон ч яахав. Бид чинь гурван сая гаранхан шүү дээ.
Б.Саран