“Херо энтертаймэнт” студийн захирал Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг цацагдсаны дараа “Маш том бүлэглэл бичлэгийг зохион байгуулалттайгаар хулгайллаа” хэмээн мэдэгдэж байв. Хэвлэлийн хурал хийн мэдэгдэж, улмаар цагдаагийн байгууллагад шалгуулсан байна. Харин цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад бичлэгийг зохион байгуулалттайгаар хулгайлсан болох нь нотлогдоогүй аж. Тэгэхээр “Херо”-гийн Б.Баатарын хэлээд байсан маш том бүлэглэл нь хэн болж таарав. Эсвэл тийм бүлэглэл байсангүй юу. Тус студийн хэн нэг нь албаар тараав уу гээд олон асуулт үлдэж байна.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Энэ нэвтрүүлгийн үеэр Н.Энхбаяр болон түүний эхнэр О.Цолмон нар өнөөгийн улстөрчдийн талаар ний нуугүй ярьж байгаа нь бичигдэн үлдсэн юм. Уг нь бичлэгийг олон нийтэд цацах бус өөр хоорондоо санаа бодлоо хуваалцсан бичлэг байсан учир тэд ийнхүү чөлөөтэй ярьсан биз. Бас болоогүй тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин МАН-ын Бага хурлын гишүүн хэрнээ намаа муулж байсан нь дүрс бичлэгт үлдсэн юм. Тухайлбал, П.Анужин Н.Энхбаяртай ярьж байхдаа “Б.Бат-Эрдэнэ аварга Н.Энхбаяр ч гэсэн намайг гуйсан гэж хэлсэн шүү дээ. Тийн тэгэж байгаа юм чинь. Тэгээд Раш гуай хурлын үеэр уйлаад, тэд нар ингэж ингэж ярьсан…Би ингэж хэлсэн …Аав харин намайг боль ингэж болдоггүй юм. Эд нарт алуулна гэж хэлсэн” гэх зэргээр ний нуугүй ярьсан. Ийнхүү өөрийнх нь ярьсан хэсгийг ийнхүү цацсан нь тус студийн захирал Б.Баатартай холбоотой хэмээн хөтлөгч П.Анужин мэдэгдсэн юм. Үүнээс үүдэн тэдний харилцаа ч таарамжгүй байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас шалгаад маш том бүлэглэл зохион байгуулалттайгаар тус нэвтрүүлгийн хар бичлэгийг цацаагүй болохыг тогтоочихлоо. Студийн захирал Б.Баатарын хэлснээр бол нэвтрүүлгийн дүрс бичлэг, материалууд нь Улсын төв архивт шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивт хадгалагдаж байсан гэсэн. Харамсалтай нь өндөр нууцлалтай хадгалагдаж байсан бичлэг алдагдаж, олон хүний нэр хүндэд нөлөөлсөн. Гэвч үүний ард маш том бүлэглэл байхгүй гэдгийг хуулийн байгууллага тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгочихов. Тэгвэл Б.Баатарын хэлсэн маш том бүлэглэл нь хэн байв.
Эх сурвалж:Zaluu.com
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
