Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:Би улсаас нэг ч төгрөг хуурч мэхэлж аваагүй

olloo_mn_1464246152_BAYSAAA

АНУ-ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар урд шөнө 00.55 нисэх байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хориглосон. Тэрээр дөнгөж сая  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа эхлээд тайлбарлах хэрэгтэй  гэж би бодож байна. Манай сурвалжлах баг Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан. Эхний ангийн нь гаргасан.  Хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын  эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар очих гэж байсан.  Тавдугаар сарын 26-ны  өдөр Вашингтонд очих ёстой байсан. Билетээ 24-ний өдөр авсан. 24-нөөс  өдрөөс эхлээд янз янзын хүмүүс над руу ярьж байсан. Чи Монголоос дүрвэж байгаа юм уу гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу гэх зэргээр ярьсан.

Өчигдөр оройны /2016.05.25/ 20:00 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газраас ахмад н.Баасанжав гэдэг хүн дуудаад надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хилээр гарахыг хориглосон. Байцаалт авна гэсэн. Гэхдээ би байцаалт өгөхгүй гээд гарч ирсэн. Залилангийн хэрэг буюу 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг надад сонсгосон. Яагаад залилан хийчихэв гэхэд  2013 онд МИАТ-тай хийсэн зар сурталчилгааны  гэрээг гаргаж ирээд энэ бол онц их хэмжээний бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг байна гэсэн.  Үүнээс болж өчигдөр Вашингтон руу нисэж чадсангүй ээ. Вашингтонд очоод би яах байсан бэ? гэхээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагад гишүүнээр элсэх мөн хамтран ажиллах гэрээ  байгуулах, Монголын фанамын баримтуудыг  эх хувиар нь авах хүсэлтээ тавьсан. Тэгээд би тэр баримтуудыг  наашаа авч  ирээд нэвтрүүлгийн хоёрдугаар ангиа хийх  байсан юм.

Гэтэл өнөөдөр сайтуудаар МИАТ-тай холбоотой худал мэдээллүүд маш ихээр гарч байна. Би 17 жил огт юу ч дугараагүй, намайг гүтгэж  доромжилж л байдаг байсан. Миний гэр бүл байнгын  дарамтад байдаг.

Тэр ч бүү хэл утсыг маань чагнадаг, найз нөхөд, танил талуудад элдэв дарамт учруулдаг. Би Монгол улсын иргэн хүн. Өөрийнхөө эрхийг хамгаалах  хэрэгтэй болсон юм байна гэж би бодож байна. Би ардчилал ялсан 26 жилийн 20 жилд нь  сэтгүүлчээр ажиллалаа. Ингэхдээ би дандаа ардчилал, хүний эрх, сэтгүүлзүйн эх чөлөөний төлөө явж ирсэн.  Би улсад нэг ч өдөр ажиллаагүй, би улсаас нэг ч төгрөг хуурч мэхэлж аваагүй.  Би эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй.  Өнөөдөр надад амьдрах ямар нэгэн байдлаар цаашаа ажиллах боломж огт олдохгүй байна.Миний гэр бүлийг байнга дарамтладаг, байнга араас машин дагадаг. Энэ бүхнийг би тэвчсээр ирсэн. Өнөөдөр харин тэвчээр алдагдаж байна.  Магадгүй миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж ч  байж магадгүй.

Монголын сэтгүүлчид дэлхийн сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломжийг хаасан явдалд би маш их харамсаж байна. Түүнээс биш Америк явж чадаагүйдээ ч биш.

 Олон нийтийн сүлжээ хуудсаар намайг гадагшаа зугтах гэж байсан гэх мэдээлллүүд учиргүй их явж байна. Надад эх орноосоо зугтах ямар ч шалтгаан байхгүй. Яагаад гэвэл миний хийсэн нэвтрүүлгүүд, бичсэн нийтлэлүүд бүгд ард түмний таашаалд нийцдэг гэж би боддог.  Би өчигдөргүй сэтгүүлч биш, би 20 жил Монголын сэтгүүлзүйд ажиллаж байна” гэлээ.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МИАТ-ын зар сурталчилгааны талаар тодруулахгүй юу?

-2013 онд гэрээ байгуулсан. Үүнд өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй байгуулсан гэрээ байсан. Энэ бол гүйцэтгэлээрээ явсан. Ямар нэгэн байдлаар залилаад, хэн нэгнээс онц их хэмжээгээр бүлэглээд мөнгө авчихсан хэрэг байхгүй.

-Оффшор данстай хүмүүсийн дунд Х.Баттулга гишүүний нэр ч бас байгаа. Та хэрэв Х.Баттулга гишүүнтэй холбоотой мэдээлэл олбол олон нийтэд мэдээлэх үү?

-УИХ-ын гишүүн Х.Баттулга оффшор данстай гэсэн мэдээлэл явж байгаа. Хэрэв тийм мэдээлэл байвал адилхан л авна, адилхан л гаргана. Тэрийг энийг гэж ялгах шаардлага надад байхгүй.

-АНУ-руу явах зардлыг тань Х.Баттулга гишүүн гаргасан гэх мэдээлэл бас бий.

-Би С1 телевизэд сарын 15 сая төгрөгөөр нэвтрүүлгээ зардаг. Түүгээрээ амьдардаг. Студиа ажиллуулдаг. Тэгэхээр надад 26 сая төгрөгөөр Америк яваад ирэх боломж байна.

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …