Дархан хотын зүүн хэсэгт орших 29 дүгээр хорооллыг Европын хөгжилтэй хотуудын жишгээр хөгжүүлэхийн тулд Хот төлөвлөлтийн хүрээлэнтэй аймгийн Засаг дарга хамтарч ажиллах саналыг тавьж, ажлаа эхлүүлээд байна.
Төлөвлөгөөгөөр 75 га газарт өндөр биш барилга, сүлжээ зам, ногоон орчин, дугуйн зам бүхий “Жишиг хороолол”-ыг байгуулна. Энэхүү ажлын зураг төсөв зургаадугаар сард бэлэн болно гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Манай аймгийн хувьд мод ургах хөрс сайтай учраас тус хорооллын 50 хувьд ногоон байгууламжийг бий болгоно хэмээн аймгийн Засаг дарга А.Энхболд ярьж байлаа. 29 дүгээр хороолол нь үйлдвэрийн орчимд тул энд үйлдвэрүүдийн ажилчдыг орон сууцаар хангах бодлого баримталж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байна. Дээрх хорооллын бүтээн байгуулалт өнөө жилдээ эхэлнэ.