“Сонгууль” гэж нэг “хар овоохой” болж. Муу л бол “сонгууль руу чихнэ”. Бараг гудманд бүдэрч унахад хүртэл сонгууль ”буруудах”-аар болж. Иргэд ч нэр дэвшигчид ч гэсэн сэтгэл дундуур байна. Манай тойрогт санал өгөх хүн алга дандаа муу “мөртэй”, муу “түүхтэй”, хүний хийсэн ажлыг өөрийнхдөө оруулан бичсэн “материалтай” нэг үгээр “хулхи” хүмүүс байна гэх.
Гэтэл шилжилт хөдөлгөөн зогсож, хүссэн хүндээ санал өгч болохгүй болсон. Хуулиараа угаасаа тийм. Санал өгөх хүн алга гээд санал өгөхгүй бол дахин сонгууль хийнэ гээд бас л 4-5 тэрбумыг зарцуулна. Иргэд татварын мөнгөндөө харамын сэтгэлээр хандаж байгаа болохоор харамсалтай санагдана. Дахин сонгууль хийсэн ч дахиад л “нөгөө хэд” чинь инээсэн зургаа байрлуулан зогсоцгооно. Яах учраа олж ядсан иргэд хүссэн хүсээгүй хүчээр нэгийг нь “зална”.
Ийм байдалтай сонгогдсон УИХ шинэхэн гишүүд дөрвөн жил юу хийхээ сайн мэднэ. Намдаа 100- 300 сая төгрөг бэлэн өгч байж нэр дэвших эрхээ баталгаажуулж байгаа эрхэмүүд 1,6 сая төгрөгийн цалин аваад улс төрийн “хүнд хүчир, бохир заваан” ажил хийгээд явахгүй нь тодорхой. 3,5 жил мөнгөө “эргүүлж” олох ажилдаа ханцуй шамлан орж, гарын үсэг зурж, зугаалганд явж, олон түмэнд хүндлэгдэнэ. Гэхдээ тэд чуулгандаа ард түмэн наймайг сонгосон би энд байх ёстой мэтээр ярьна.
Ард түмэн аргагүйн эрхэнд сонгосон гэдэг үгийг “хэн ч дурсахгүй”. Тэгэхээр Монгол улсын иргэдэд “хүчийг атгуулах” үүднээс “түлхээд” дэмжээд гаргасан шигээ “татаад, зулгаагаад” буулгачихдаг чадалтай эрх мэдэлтэй иргэдтэй баймаар байна.
Үүнийг Ерөнхийлөгч санаачилсан ч сонгуулийн дараа авч хэлэлцэх утгатай зүйл ярин хойшлуулсан байгаа. Мэдээж нэг өдөр, нэг минут ч гэсэн хойшлож байвал ашигтай тусна эрхэм “түшээдэд” минь.
Хийж чадахгүй, мэдэхгүй, тархи толгой нь хүрдэггүй, морь малнаас нь илүү цаг зав гардаггүй юм бол нэр дэвшихгүй иргэдэд хүчээр сонгогдохгүй байх хэрэгтэй. Иргэдийн “шуугиж” байгаагаар энэ жилийн сонгуулийн өнгө жинхэнэ мэргэжлийн тавилттай, хослон, орлон тоглогчтой, олонхийн хэсэгтэй ихээхэн найруулга сайтай жүжиг болох гээд байгаа дүр зураг “цухалзаад байна” гэнэ.
Өөрийнхөө тойрогт хэн нэг найз, хамтран ажиллагч, шавь хэн нэгнийг санал хуваалгахаар оруулчихдаг. Тэд нар /хүүхэлдэйнүүд/ нь нэр дэвшээд нэг их хийхээр төлөвлөөгүй сонгуульд ялахын төлөө ч бус зүгээр л санал хувааж, иргэдийн “толгойг эргүүлэх” үндсэн үүрэгтэй.
Урьд урьдын түүхэнд байгаагүй муу муухайгаараа хэлэгдээд байгаа тэдгээр урлаг, спортынхон эсвэл өөрийн амьдралаа там болгосон нөхөд “гэдэстэй, гэдэсгүй” нөхөд мөнгөний төлөө ард иргэдийг хуурч байна гэсэн үг. Эх орноосоо урвасантай “агаар нэгэн” байх. Тиймээс сонгуулийн ерөнхий хороо, сонгууль зохион байгуулахад оролцдог аудит, шүүх цагдаа, хяналт, прокурор бүгд ахин нэг нэр дэвшигчдын материалтай танилцаад хэн нь үнэн хэн нь худлыг ялган өгөөч. Үнэндээ их хуралд суучихмаар “олигтойхон” хүн байхгүй бол иргэд яаж ч чадахгүйд хүрч байна. Нэг үгээр хүчээр “сонголт” хийлгэж байна.
Б.Саран