Дэлхийн стандартад нийцсэн номын сан нээлтээ хийнэ

1464658160_1482

Монгол Улсын Их Сургуулийн шинээр баригдаж буй номын сан энэ 8 дугаар сард ашиглалтад орох гэнэ. МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны баруун талд Монгол япон төвийн чанх урд баригдаж буй 7 давхар номын сан нь уншлагын 7 танхимтай, уулзалт хурлын олон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог юм байна. Хэдийгээр 7 давхар ч 11 давхар барилгатай тэнцэхүйц өндөр тус барилгыг энэ 8 дугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Мөн түүнчлэн шинэ номын сан баригдсанаар  дижитал номын сантай болох, номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох юм.

Үүгээр зогсохгүй шинэ дижитал номын сан нь сүүлийн үеийн техник  технологи ашиглаж профессор багш, оюутан залууст цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болох бөгөөд оюутны бие даан өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бий болгох аж.

Түүнчлэн МУИС-ийн оюутан төдийгүй нийслэлийн иргэд ном соёлоор үйлчлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний уялдаа холбоо нэгдмэл байдал сайжрах, бүхэлдээ монгол хүний оюун ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ хэмээн холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.

эх сурвалж: unuudur.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …