Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Батбилэгээс цэвэршилтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Цэвэршилт зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог уу?
-Цэвэршилтийг эрэгтэй, эмэгтэй гэж ангилдаг. Эмэгтэй цэвэршилт гэдэг нь ахимаг насны эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотой бэлгийн даавруудын ялгарал эрс багассанаас үүдэн ерөнхий бие махбодийн болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтөөр илрэх физиологийн үйл явц юм.
-Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог?
-Эрэгтэйчүүдэд 40-45 наснаас эхэлж төмсөгний Лейдигийн эсээс ялгарах эр бэлгийн даавар андрогены хэмжээ буурснаас, бэлгийн дуршил буурах, бэлэг эрхтэний хөвчрөх болон дур ханах чадвар буурах өөрчлөлтүүд орно. Бие махбодид ерөнхий өөрчлөлтүүд гарч ядрах, сульдах, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, гутрах, булчингийн эзэлхүүн багасах, яс сийрэгжих, зүрх судасны өвчнүүдээр өвчлөмтгий болох буюу даралт ихсэх, өөх тосны солилцоонд өөрчлөлт орох шинжүүд орно. Гэхдээ эмэгтэйчүүдийн биений юм зогсдогтой ижил цэвэршилтийг илэрхийлэх заагч шинж гэж байхгүй.
-Цэвэршилтийн талаар бидний буруу ойлголтууд?
-Цэвэршсэн эмэгтэй эрэгтэй хүн шиг болдог гэж ярих нь бий. Энэ нь буруу ойлголт юм.
-Эмэгтэйчүүд эрт цэвэршиж байна гэх болсон. Эрт цэвэршихгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Цэвэршилтийн үед өөрийн дуртай таашаал авдаг зүйлээ хийх. Найз нөхөд болон гэр бүлийн гишүүдээс дэмжлэг авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
- Амин дэм, эрдэс бодисын нэмэлт тэжээл авах.
- Эрүүл хооллолтын дэглэм барьж тогтмол дасгал хийх.
- Иогийн дасгал, бясалгал болон амьсгалаа зохицуулах дасгал хийх.
- Энэ насны эмэгтэйчүүд өдөрт доод тал нь нэг удаа ногоон өнгийн жимс, нэг удаа улбар өнгийн жимс идэх хэрэгтэй.
-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй цэвэршилтийн талаар юу мэдвэл зохих вэ?
-Кофейн , шоколад, спиртийн төрлийн ундаа, халуун ногоо нь нүүр цээжээр халуу оргих шинжийг улам ихэсгэнэ. Хоол хүнсэндээ кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх. Ислэг ихтэй, эрдэс давсаар баялаг , кали магни ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд дааврын хэвийн байдлыг хадгалахад чухал нөлөөтэй.
-Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе шатууд?
- Физиологийн цэвэршилт
- Эмгэг цэвэршилт:
Эмэгтэйчүүдийн 45-55 насанд цэвэршилт байгалийн жамаар явагдана.
Цэвэршилтийн урьдал үе: 45 наснаас эхлэн биеийн юмны мөчлөг алдагдаж, зогсох хүртэл 4-4.5 жил үргэлжилнэ.
Цэвэрших үе: Биеийн юм зогссоноос хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд цэвэршсэн гэж тооцно.
Цэвэршсэний дараах үе: биений юм зогссоноос хойш зургаан жил.
Хэт эрт цэвэршилт нь дараах тохиолдлуудад илэрдэг.
- Удамшлын эмгэг
- өвчний улмаас өндгөвчүүдийг авах мэс засал хийлгэсэн тохиолдолд
- хими болон туяа эмчилгээ гэх мэт.
Хожуу цэвэршилт : 56 ба түүнээс дээш насанд биений юм зогсохыг хэлнэ.
Дааврын эмийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор удаан хэрэглэж байсан эмэгтэйд тохиолддог.
-Цэвэршсэн бол бэлгийн харилцаанд орж болохгүй гэж зарим хүмүүс ойлгодог. Энэ хэр үнэний ортой вэ?
-Энэ бол маш буруу ойлголт. Цэвэршсэн бол бэлгийн харилцаанд орж болно.