Бид аливаа гамшиг осол гарсан тохиолдолд ихээхэн хэмжээний хөрөнгө хүч зарцуулан “ниргэсэн хойно нь хашхирдаг”. Энэ байдлыг гаргуулахгүйн тулд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар холбогдох журамд заасан эрх, үүргийнхээ дагуу урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд чиглүүлэн удирдах, гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах арга хэмжээг ийнхүү авч хэрэгжүүлснээр иргэдийн сонор сэрэмж дээшлэх юм.
Цас зудны гамшгийн талаар орон нутгийн ард иргэдэд өмнө нь сэрэмжлүүлж байсан Шадар сайд, УОК-ын дарга Ц.Оюунбаатар хаврын зуд, гал түймрийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зааварчилгааг энэ удаа гаргажээ. Гамшгийн аюул үүсч болзошгүй хаврын хуурайшилтын энэ үед төрийн байгууллагын ажлын чиг үүргийнхээ дагуу Онцгой байдлын ерөнхий газрынхан мэдээлэл хүргэх ажлыг хариуцан ажиллаж байна. Айлаас айлд хүрэн тарааж буй тэдгээр тараах материал, зааварчилгааг иргэн та дагаж мөрдөөрэй.