УИХ-ын гишүүн болно гэдэг дайны талбарт хөл нүцгэн гүйхтэй л ижил. Гүтгэлэг, доромжлол, бөөгийн тулаан, хэл ам, хэрүүл тэмцэл болон хэд хоног нойр хоолгүй ажилласаар хэдхэн минутанд үр дүнгээ “харчихдаг” зүйл. Нэг юм гишүүн болоотохвол гурван жил гаруйн хугацаанд “шоуны” амьдралаар амьдарна. “Би хийх гэж байна”, “Би хийнэ гэж бодож байна”, “Би хийхээр төлөвлөж байна”, “би хийх болно” гэгчлэн ярьцгаадаг хүмүүс.
Ингээд дараагийн сонгуулийн сургаар гэнэхэн ухаан орж маш олон зүйлийг нэгэн дор хийх гэж зүтгэцгээнэ. Өөрийн ажлын тайландаа олон зүйлийг харуулах гэж урьд хождын бүхий л зүйлээ архиваасаа ухна. Улсын хийсэн ажлыг өөрийн болгож тайлагнаад, өрсөлдөгчийн хийсэн зүйлийг өөрийнх нь яг хийх гэж байтал түрүүлж аваад хийсэн мэтээр ярина. Бас болоогүй иргэд хашаагаа будсан ч түүний ажил болон хувирна. Ингээд 80-100 хуудастай ном эсвэл 50-80 хуудастай сэтгүүл болон таны гарт очих жишээтэй. Иргэд түүнийг нь хараад инээж нэг үзнэ, уурлаж бас үзнэ. Ийнхүү дөрвөн жилийн дараа дахин “би хийнэ, би чадна” гэсэн мөрийн хөтөлбөр гаргаад “дайрна”.
УИХ-ын гишүүний “жүжиг” товчхондоо ийн байна. Гэтэл гишүүн болсон цаг минутаасаа эхлээд тэд эргээд иргэдэд олдохоо больдог. Уулзах хүсэлт хэдэнтэй ирүүлээд ч нэмэргүй болсон байна. Учир нь гишүүний туслах гэж өөрөөс нь том албан тушаал бий. Гишүүн өөрөө мэддэг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд туслахаараа аргалуулна. Туслах нь гишүүнд уламжлая, эргээд холбогдоё, холбогдох хүмүүст нь хэлье гэх мэт жижүүрийн хэдхэн хариултаа өгөөд гаргана. Ингээд иргэдэд юу тулгарч байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсээгүй он жилүүдийг “сайхан” бүрэн эрхийн дор өнгөрүүлнэ дээ.
Гишүүний туслах болж гэмээ нь түүнээс ч том албан тушаалтай болсны илрэл аятай аашилна. Зарим асуудлыг гишүүн мэдээгүй байхад нь шийдвэрлэнэ. Гишүүн тасарч унахад нь гэрт нь хүргэнэ, хувцас хэрэглэлийг нь хими цэвэрлэгээнээс авна, иргэд дайрч доромжилбол амийг нь аварна, олон жил ажилласан туслах бол бараг өмнөөс нь ах дүү нартай нь золгуут хийх шахна.
Ийн хүний итгэлийг олсон туслахууд иргэнд тулгамдсан дүүрэг, тойргийн хэргийг бараг л бие даан шийдвэрлэнэ. Ийм том туслахтай гишүүд гар хумхин “хувийн бизнес” хөөнө. Ийм л дүр зураг манай гишүүдэд харагдаад байгаа хэрэг дээ. Туслах муу бол ажил урагшлахгүйтайн адил нэр хүнд муу болбол гишүүн болохгүй. Иргэн танд гишүүний туслах хариу өгвөл бүү тоогоорой. Гишүүний туслах гэдэг гишүүнээсээ том байх шахуу эрх мэдэлгүй байдаг. Тиймээс гишүүдтэй биш туслахуудтай харьцацгаая тэгвэл.
Б.Цацралт