Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Зүгээр зам тавиад өнгөрөх биш дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэгтэй ая тухтай гудамжийг бий болгосон замчиддаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.
Хотын зуслангийн бүсийн Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км авто зам нь анх 1973 онд ашиглалтад орж байв. Үүнээс хойших 40 гаруй жилд уг замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж иргэд зорчиход хүндрэл үүсээд олон жилийн нүүр үзсэн юм. Уг замыг өргөтгөж шинэчилснээр хуучин 7м өргөн зорчих хэсэгтэй байсан авто замыг Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 9,6 км-т далангийн нийт өргөнийг 16,8м, авто замын зорчих хэсгийг 12м өргөн 4 эгнээтэй, 1м өргөн явган зам, 1.5м өргөн дугуйн замтай болгов. Мөн Шаргаморьтын уулзвараас Хандгайт хүртэлх 6.75 км-т далангийн нийт өргөнийг 12.3м, авто замын зорчих хэсгийг 7м өргөн 2 эгнээтэй, 1м өргөн явган зам, 1м өргөн ногоон байгууламж, 2м өргөн дугуйн замтайгаар өргөтгөн шинэчлэн, Сэлбэ гол дээр байрлах Шаргаморьтын 50 у\м хуучин гүүрийг буулгаж, зорчих хэсэг нь 9.5м өргөн, 1.5м өргөн явган хүний зам, 2м өргөн дугуйн зам бүхий 50 у\м хос төмөрбетон гүүрийг шинээр барьсан юм.
Тус авто зам нь зам дагуу 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөрбетон хоолой, гадаргуугийн ус зайлуулах лоток, 2 талдаа гэрэлтүүлэг хийж инженерийн олон хос шийдлийг гаргасан зам болсныг гүйцэтгэгчид онцолж байв гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.