Нийслэлийн иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх, бие бялдараа чийрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд дөрвөн дүүрэгт нийт 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр усан спорт сургалтын төвийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж ашиглалтад оруулсан усан спорт сургалтын төвүүд нь байнгын ажиллагаатай байгаа бөгөөд тухайн дүүргийн иргэд, хүүхэд залуусын очих дуртай газрын нэг болсон гэдгийг усан спорт сургалтын төвийг хариуцан ажиллуулж байгаа багш нар хэлж байна.
Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төв нь фитнесс, саун, усан бассейн зэрэг төрлүүдээр үйлчилгээ явуулдаг бөгөөд усан бассейн нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай юм байна. Сонгинохайрхан дүүргийн анхны усан спорт сургалтын төв нь 17-р хороо 32, 33 дугаар байрны дунд баригдсан бөгөөд өдөр бүрийн 08:00-21:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна. Бассейны хэмжээ нь 25м х 7.8метр, гүн нь 2 метр бөгөөд 2 замтай байна.