Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчидтай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөврөх боллоо. Бид өмнөх дугаартаа тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахмадын тухай мэдээлж байсан. Харин энэ удаа аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ц.Энхбаярын тухай дурдах болно.
Тэрбээр тус аймгийн цагдаагийн газарт ажиллаад дөрвөн жил болж байгаа ч асар хурдан хугацаанд хөрөнгөжиж бэлжсэн тухай эх сурвалжууд өгүүлсэн.
Түүнийг тус аймгийнхан ч маш овжин нэгэн хэмээн тодотгодог юм билээ. Ингэж тодотгосны учир нь түүнийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хэргийг авч шалгаад хэрэгсэхгүй болгож, өөртөө ашигтайгаар зохицуулдаг гэж байсан юм.
Тухайлбал 2011 онд хууль бусаар мод бэлтгэж байсан тус аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Түвшинбаярын хэргийг шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийг нь шалгах явцдаа өөртөө хууль бусаар дүнз бэлдүүлж байшин бариулж байжээ. Үүнийгээ хэрэгсэхгүй болгохын тулд “Шинэ-бадрах” компанийн захирал Д.Бадрахын компанийн нэр дээр мод бэлдүүлсэн хэмээн хэргийг нь хааж байсан аж. Сэлэнгийнхэндээ “Баян” Баатар хэмээх хочтой “Шинэ-бадрах” ХХК-ийн захирал Д.Бадрахыг гартаа оруулсан Ц.Энхбаяр дарга мөн л түүний хэргийг хааж өөртөө ашигтайгаар олон зүйлийг хийж байжээ. Тодруулбал “Баян” Баатар гэгч нь Сэлэнгэ аймгийг тэр чигт нь атгаж, бараг л тус аймгийн “Хаан” гэж нэрлэгдэх болсон нэгэн аж.
Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард “Баян” Д.Бадрахыг хууль бусаар алт олборлож, ой мод сүйтгэсэн хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэсэн ч бас л хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Ц.Энхбаярыг машины ченж хийдгийг аймгийнх нь сайн мэддэг юм билээ. Ингэхдээ тэрбээр “Баян” Д.Бадрахад өөрийн зарж байсан автомашинуудаас хоёр ширхэг “Приус”-ыг зах зээлээс өндөр үнээр шахаж байсан гэнэ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Д.Бадрахыг уулнаас нойтон мод бэлтгэсэн хэмээн хавтаст хэрэг нээсэн хэрнээ удалгүй хэргийг хаасан аж. Үүнээс гадна Ц.Энхбаяр өөрийнхөө хувийн байшин руу халаалтын шугам татах зорилгоор Олон улсын чанартай авто замыг хүртэл эвдэж байжээ. Ц.Энхбаяр ингэж мөнгэтэй хүмүүсийн хэргийг авч шалгаад өөртөө ашиг гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь олон хүний дургүйцлийг хүргэх болсон учраас түүнтэй холбоотой олон санал гомдол ЦЕГ-т ирж байжээ. Тиймээс өнөөдөр Ц.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан шалгахаар болсон байна. Товчхондоо Ц.Энхбаярын хөрөнгийн эх үүсвэр, мөн түүний мөрдөн шалгасан бүх хэргийг нэг бүрчлэн шалгана гэсэн үг.
Хэрвээ Ц.Энхбаярын буруутай үйлдэл илэрвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хэргийг нь шилжүүлэх, аль эсвэл түүнийг албан тушаал бууруулах хүртэл арга хэмжээ авах юм билээ.
Сэлэнгийн иргэд бидэнд мэдээлэхдээ “Ц.Энхбаяр манай аймагт ирээд дөрвөн жил болох хугацаандаа асар хурдан баяжсан. Хэн нэгэн мөнгөгүй иргэн хэрэг хийвэл шууд л хорьж, зохих ялыг нь өгөөд явуулдаг. Харин мөнгөтэй хүмүүс хэрэг хийсэн тохиолдолд тэднээс өөрт хэрэгтэй зүйлээ авсны дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгодог хоёр нүүртэй хүн дээ. Уг нь залуу хүн юманд хянамгай хандахын оронд “Би яаж энэ хэргийг өөрт ашигтайгаар шийдэх вэ” гэсэн үзэл бодлоор ажлаа хийдэгт нь бид их харамсдаг. Нэгэн жишээ дурдахад өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш 13:00 цагийн үед манай аймгийн “Баян” Баатар замын асуудлаас болж зүгээр явж байсан Батмагнай гэгч иргэнийг нүүр нүдгүй зодсон хэрэг гарсан. Энэ үеэр Ц.Энхбаяр ирээд “Юун сүртэй юм бэ. Энийг ямар танхайн хэрэг гэдэг юм бэ. Хоёр хүн хоорондоо зодолдоо л биз” гээд зогсож байх жишээтэй. Уг нь хүнийг ямар ч хэл үггүйгээр зодсон бол шууд л танхайн хэрэг болдог биз дээ.
Гэтэл Мөрдөн байцаах тасгийн дарга нь зодуулсан хүнийг өмөөрөх биш, зодсоныг нь өөгшүүлээд зогсож байгааг юу гэж ойлгох вэ гэдэг асуулт гарч ирж байна. Иймэрхүү янзаар Ц.Энхбаяр мөнгөтэй хүмүүсийн олон хэргийг хааж байсныг манай аймгийн иргэд гэрчилнэ. Тэгээд ч түүний өмгөөлж хамгаалаад байгаа “Шинэ-бадрах” ХХК-ийн захирал “Баян” Баатар хочтой Д.Бадрал нь Ц.Энхбаяраар олон удаа хийсэн хэргээ хамгаалуулж, түүнээс өндөр үнээр машин хүртэл авч байсныг бид мэднэ.
Сэлэнгэ аймаг чинь жижигхэн газар шүү дээ. Бүх л юм алган дээр тавьсан юм шиг л харагддаг. Энэ мэтчилэн Ц.Энхбаярын тухай яриад байвал их урт түүх болно. Хуулийнхнаас бид асуумаар байна. Ямар ч зөвшөөрөлгүйгээр, ойгоос нойтон мод бэлтгэсэн, мөн алт олборлосон хэргийг хааж болох уу. Тэгвэл Ц.Энхбаяр иймэрхүү хэрэг олныг хааж байсан шүү гэдгийг онцолмоор байна” гэв. Ямартай ч Ц.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан нь хачирхалтай.
Тэгээд ч тус аймгийн цагдаагийн газар хэдхэн хүний гарт орсноос болж хэргийг хэрэг биш болгодог нь үнэний ортой. Өмнө нь ч тус аймгийн цагдаатай холбоотой таагүй мэдээллүүд олон гарч байсан. Ямартай ч бид Ц.Энхбаяр хэрэг шалгаж байх явцдаа бусдын хэргийг хэрэгсэхгүй болгосныхоо шанд ямар байшин авч байсныг нь уг зураг өгүүлнэ.
Мөн ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан Ц.Энхбаяртай холбоотой хэргийг хэрхэн яаж шалгасан, болон түүнтэй холбоотой олон но-той ноцтой үйлдлүүдийн тухай дараагийн дугаарууддаа үргэлжлүүлэн хүргэх болно.
Үргэлжлэл бий…