Урлагт зүтгэж олон түмэнд танигдсан олон жүжигчин, продакшнуудын сонгуулийн ажил эхэлсэн байна. Намайг … гэдэг, би … ажил хийсэн, цаашид үүнийг хийнэ гэж ярихаасаа илүү тэр бурууг хийсэн учраас намайг сонго гэсэн өнгө аястайгаар сонгуулийн сурталчилгаат хоногууд үргэлжилж байна.
Амар тайван байлгахгүй татаж, чангайж, гаргаж ирээд өөрийгөө магтдаг тусгай цаг үе гэхүүдээ. Хайрлаж хүндэлж явдаг жүжигчин нь өөрийнх нь сонголтоос өөр зүйлийг ярьж хэлж байхаар нэг хэсэгтээ л сэтгэл хугарна. Гэхдээ бүгд л мөнгө олох боломжоос зугтдаггүй болохоор жүжигчид ч гэсэн ажлаа л хийж байна гэсэн утгатай. Таны хүссэн хүлээсэн нам, хүн аль нэг сонголтоос өөр намын сурталчилгаанд тоглож байгаа нь “эгдүүг” тань хүргэж байвал та нэг их битгий уурлаарай.
Ажил мэргэжлийн онцлогоос хамааран сонгуулиар хүн бүр л хэлтэй, хөлтэй болж, дуу орж, шүүмжилж, дүгнэж, байгаа энэ үед таны санасан сэдсэн “итгэлт хүнийг” хэн ч өөрчлөх эрхгүй. Таны өгсөн сонгуулийн санал нэр дэвшигчдийн амьдрал ахуйг өөрчлөх учраас тэр шүү дээ. Сонгууль урлагийнхныг хөдөлгөөнд оруулж, ахмадыг үгийг “худалдан” авч дагуулан явж, хэвлэх үйлдвэрүүдийг ажилтай байлгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ачааллыг нэмэгдүүлж нэг үгээр хэн ч алдагдалд орохгүй байгаа мэт. Ахмадууд дөрвөн жилд нэг удаа үнэд орох нь энэ шүү дээ. Өндөр настан …-хээр орлоо гээд л сурталчилгаа яваад байдаг. Монгол хүн айлд хоосон ордоггүй уламжлалтай юм. Гэхдээ хуулиараа бол бэлэг, сэлт, худалдаа наймааг хориглосон байдаг. Урлагийнхан ч мөн адил “үнэгүй” ажиллана гэж үгүй.
Энэ мэт жижиг гэмээр зөрчлийн дүнд Сонгуулийн хугацаат хоногууд олон аавын хүүхдийг хоолтой хонуулж байх шиг байна. Ухуулагч, Зохион байгуулагч, Шадар туслах, Жолооч, Туслах, Нэр нөлөө бүхий “дагаж” үг хэлэх хүн, Жүжигчид /урлагийнхан/, хэвлэх үйлдвэрүүд, сэтгүүлчид, Хөтлөгч, Студийнхэн гээд мөн тэдгээрийн ард байгаа мянга мянган өрхийн гишүүд хоногийн хоолондоо нэмэрлэх хэсэг зуурын мөнгөний эх үүсвэртэй болж байна. Эцэст нь та л мэдэж сонгуулиар саналаа өгч гэмээ нь хэрхэн амьдрах нь шийдэгдэх цаг үе тулан иржээ. Сонголт тань мэргэн байх болтугай.
Б.Саран