“Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас санаачлан зохион байгуулж буй аянд нэгдэх хүсэлтээ байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэмэгдсээр байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аянг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Одоогоор тус аянд дэмжиж оролцох хүсэлтээ 30-аад байгууллага ирүүлээд байгаа юм. Тухайлбал, БОНХЯ, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, ССАЖЯ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Нийслэлийн Баянгол дүүрэг, Худалдаа хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ, “SS” эмийн сан, Дорнод аймгийн 14 сум, МИАТ компани, Нийслэлийн хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өдрийн шуудан”, “Ардчилал”, “Нийгмийн толь” сонинууд, мэдээ мэдээллийн “news.mn” сайт, “eagle.mn” сайтын хамт олон энэхүү аянд нэгдэж, оролцохоор болоод байна.
Аяны хүрээнд ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дахь шарилжийг мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хадаж зулгаахаар төлөвлөөд байна. Шарилж устгах ажилд Нийслэлийн хот тохижилтын газрынхан хүн хүч, техник хэрэгслээр туслахаас гадна залуучуудын байгууллагууд тус бүртээ 30-50 төлөөлөгч оролцуулна гэдгээ мэдэгдээд байна. Мөн “Таны оролцоо” клубын залуус оролцох юм.