Түрээсийн мөнгөнөөсөө байрныхаа урьдчилгааг төлөх боломжтой

 90ec2378b91b6812f4c131f35b5cf463_1200

Монгол Улсын Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн журам батлагдсанаар хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Уг хөтөлбөрийн талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэнгээс зарим зүйлийг тодруулав.
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу. Хэрхэн хэрэгжих юм бэ?
-2015 онд Монгол Улсын Засгийн газар түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталсан юм. Мөн 2014 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг баталсан. Харин сая НИТХ-лын тэргүүлэгчдийн 123 дугаар тогтоолоор түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам батлагдлаа. Энэхүү журам нь өөрийн гэсэн орон сууцгүй, тогтмол орлоготой боловч хуримтлал үүсгэн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах зорилготой юм. Тэгэхээр уг хөтөлбөрт маань өөрийн гэсэн орон сууцгүй, тогтмол орлоготой иргэд хамрагдаж болно.
-Энэ хөтөлбөр ТОСК-иас хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрөөс ямар ялгаатай вэ. Давуу талыг нь дурьдахгүй юу?
-Түрээсийн орон сууц нь хоёр хэлбэртэй. Тодруулбал, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэр бий. Сая Төрийн орон сууцны корпорациас иргэдэд сугалаагаар орон сууц түрээслүүлсэн. Манай түрээсийн орон сууц хөтөлбөрийн хамгийн чухал зүйл гэвэл иргэдэд, ялангуяа орон сууцтай болж чадахгүй байгаа зорилтот бүлгийн иргэдэд зориулж түрээслэнгээ өмчлөх боломжийг олгож байгаа юм. Үүгээрээ л онцлогтой. Манай улсад орон сууцанд орох хүсэлтэй боловч санхүүгийн асуудлаас болж орж чадахгүй байгаа залуучууд бий. Тухайлбал, өөрийн гэсэн тодорхой орлоготой хэдий ч ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. Эсвэл байрны урьдчилгаа мөнгөө төлж чадахгүй байгаа хүн олон байдаг. Тэр хүмүүст илүү сайхан боломж бүрдэж байгаа.
-Барилгын чанарын хувьд анхаарч байгаа байх. Цаашид өмчлөх хүсэлтэй иргэд бий шүү дээ? 
-Тийм. Түрээсийн орон сууцны барилга 1-2 өрөө бүхий 30-50 мкв байр бий. Барилгын стандарт шаардлагыг хангасан инженерийн шугам сүлжээг бүрэн шийдсэн орон сууц байна.
-Түрээсийн төлбөр нь хэд вэ?
-Түрээсийн орон сууцны сарын төлбөр 490-610 мянган төгрөг байна. Харин СӨХ, ашиглалтын зардал нь 80-100 мянган төгрөг.  Мөн орон сууц худалдан авах зээлийн урьдчилгаа төлбөр тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан.
-Түрээсийн мөнгөнд урьдчилгаа төлбөрийн хуримтлал орсон уу. Эсвэл тусдаа өгөх ёстой юу?
-Түрээслээд өмчлөх гэдэг нь хүмүүс урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувийг 3-5 жилийн хугацаанд түрээсийн мөнгөнөөсөө бага багаар төлж байгаад тухайн байраа авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл түрээсийн мөнгөнийх нь 40-50 хувь нь сар бүр урьдчилгаа төлбөр рүү нь орох юм. Харин урьдчилгаа төлбөрөө төлж дуусмагц найман хувийн зээлийн хүү үйлчилнэ.
-Хэдэн жил түрээслэх боломжтой вэ?
-Таван жил түрээсэлж болно. Зээлийн үргэлжлэх хугацаа 15-20 жил байна. Урьдчилгаа төлбөрөө төлж дуусвал тухайн орон сууцыг худалдан авах гэрээнд шилжүүлэх боломжтой.
-Хөтөлбөрийн хүрээнд хэчнээн айлыг орон сууцтай болгох вэ?
-Энэ жил 1000 айлыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна. Ер нь 2017-2020 он хүртэл жилд 2000 түрээсийн орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар журамд тусгагдсан.
-Хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ. Тодорхой шаардлага, шалгуур бий юу?
-Хөтөлбөрт хамрагдах иргэдэд шалгуур үзүүлэлт тавьсан. Тухайлбал, 21-ээс дээш насны нийслэлийн иргэн тогтмол орлоготой байх ёстой. Тухайн иргэний орлого нь түрээсийн төлбөр, урьдчилгаа төлбөрийн хуримтлал, ашиглалтын зардлаа төлөхөд хүрэлцэхүйц байна. Мөн тогтвор, суурьшилтай ажлын байртай, өөрийн эзэмшлийн орон сууцгүй байх гэсэн шалгуурыг тавьж байгаа.
-Төрийн орон сууцны корпораци иргэдэд сугалаа­гаар байр түрээслүүл­сэн. Танайх яаж олгох вэ?
-Нийслэлийн орон сууцны корпорацид түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг оноогоор шалгаруулна. Тодруулбал, гурван төрөлд оноо өгнө. Нэгдүгээрт, гэр хороололд амьдардаг эсвэл өөрийн гэсэн орон байргүй зорилтот бүлгийн иргэнд 20 хүртэлх оноог өгнө. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичигт тусгагдсан өрхийн орлогын шатлал гэж байдаг. Энэ ангиллыг харгалзаж 50 хүртэлх оноог өгнө. Мөн гуравдугаарт, урьдчилгаа төлбөр бүрдүүлж чадах эсэхийг харгалзаж 30 хүртэлх оноог өгөхөөр болсон.
-Бүртгэл эхэлсэн үү?
-Эхэлсэн. Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд “Мишээл” дэх төрийн нэгдсэн үйлчилгээний төвд ирж анкет бөглөх ёстой.
-Анкет бөглөхөд л болно гэсэн үг үү?
-Тийм.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …