УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа улс даяар эхлээд 3 цагийн хугацаа өнгөрч байна.
Сонгогчдын ирц энэ хугацаанд харьцангуй сайн байгааг хэсгийн хороодоос мэдээлж байна. УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хэсгийн хорооны хувьд нийт 2249 сонгогчтой бөгөөд одоогийн байдлаар ирц 9.62 хувьтай, 162 сонгогч санал өгсөн байна.
Тус хэсгийн хорооны ахлагч, зохион байгуулагч Я.Нарангэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Сонгогчдын идэвх хэр байна вэ?
-Сонгогчид маш идэвхтэй байна. Өглөө 07.00 цагаас санал авах ажиллагаа нээхээс өмнө иргэд ирээд цугласан байсан. Одоо ч идэвх өндөр байна.
-Танай хэсгийн хороонд хэдэн ажиглагч ажиллаж байна вэ?
-Найман нам, бие даагчдаас бүрдсэн нийт 9 ажиглагч ажиллаж байна. Үүнээс гадна ОХУ, Норвеги, Ирландаас гурван ажиглагч ирж сонгуулийн санал авах ажиллагааг ажиглаж байна.
-Санал өгөх явцад хориглох зүйлс юу байдаг вэ?
-Сонгогчдын хувьд дуу бичлэг хийх, гар утсаараа зураг авахыг хориглодог. Хэрэв гар утсаар зураг авбал хэсгийн хороонд ажиллаж байгаа цагдаад мэдэгдэн, сонгогчийг санал байрнаас гаргаж, саналын хуудсыг хүчингүйд тооцно. Ажиглагчдын хувьд зөвхөн хөндлөнгөөс ажиглана, бие даагчдын хувьд зөвхөн сонгуулийн үйл явцын бичлэг хийх, саналын хуудастай танилцах эрхтэй.
-Одоогоор ямар нэг зөрчил илэрсэн үү?
-Одоогийн байдлаар ямар нэг зөрчил, маргаан илрээгүй, санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
-Зөөврийн хайрцгаар хэдэн хүнээс санал авсан бэ?
-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өчигдөр нийт 21 хүнээс санал байснаас 19 хүнээс авсан. Нэг нь нас барсан, нөгөө нь хаяг дээрээ байгаагүй. Лагертаа гарсан учир өөрийн биеэр очиж саналаа өгнө гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: Монцамэ