УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид өнөөдөр гишүүний түр үнэмлэхээ гардаж авлаа.
МАН олонх болж үнэмлэхгүй ялалт байгуулж, эрх баригчийн дүрээр дөрвөн жилийг үдсэн АН-ынхан дөнгөж бүлэг байгуулах эрхтэйгээ үлдэж сөрөг хүчний эгнээнд шилжлээ. Мөн сондгойрч ялгарах хоёр хүн байгаа нь бие даагч С.Жавхлан болон МАХН-аас цор ганцаараа сонгогдсон О.Баасанхүү нар юм.
Ингээд удахгүй гишүүд тангаргаа өргөж шинэ парламентын бүрэн эрх албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд эрх баригчдыг ингэж хатуу унана гэж хэн ч санаагүй. Нийгэмд МАН ерөнхийдөө олонх болох байх гэсэн таамаг байсан ч ингэж том ялалт байгуулна таамаглаж байсангүй. Харин эцэж туйлдсан ард түмэн дөрвөн жил төр барьсан АН-д хатуухан дүн тавьлаа. Ямартаа ч Монгол төрийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Элдвийн хэрүүл шуугиан ч гарсангүй. Яг л 90 оны ардчилсан хувьсгал шиг бүгд тайван замаар өрнөж, сонгох сонгогдох эрхээ эдэлцгээж чадлаа.
Өнөөдөр долоодугаар сарын нэгэн. Тэртээ найман жилийн монголчууд таван сайн хүүгээ алдаж, аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам залуус орон шоронд хорвоогийн бор хоног шар нарыг үдэж явсан хар өдөр. УИХ-ын сонгуулийн дараа ялагдсан намынхан болон бусад өрсөлдөгчид ард түмнээ төрийнх нь эсрэг, намынх нь эсрэг турхирч алтан амь, амар тайван байдлыг алдагдуулсан түүхтэй. Тиймээс ийм өдрийг бид болон бидний үр хүүхэд дахин хэзээ ч бүү үзээсэй, хараасай гэж залбирах ёстой өдөр бол өнөөдөр. Түүнээс энэ өдөр зарим хэвлэлүүд болон сошиалаар зориудаар явж байгаа шиг долдугаар сарын 1-ний энэ өдрийг цаг ямагт хараар эргэн дурсаж, дахин ийм зүйлд уриалах мэт ард түмний сэтгэл зүрхэнд нөлөөлөх өдөр биш юм.
Харин үүний оронд ард түмнийхээ итгэлийг авсан МАН нь хамтдаа зүтгэнэ гэх амлалтынхаа дагуу улам илүү ажиллаж, эрх баригчдынхаа үүргийг биелүүлэх ёстой. Сөрөг хүчин болж үлдсэн АН-ынхан сөрөг хүчин шиг сөрөг хүчин байх хэрэгтэй. Ингэж дор бүрнээ ажлаа сайн хийж байж л монголчуудын амьдрал эргэж сэргэнэ. Ер нь энэ өдрийг хараар дурсан санаж, дөнгөж сонгууль дуусаад байгаа энэ өдрүүдэд иргэдийг буруу зүйлд уриалаад байгаа ч юм шиг, турхирах гээд байгаа ч юм шиг үг үйлдэл гаргах нь хамгийн буруу үйлдэл юм.