UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардууллаа.
Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын медаль гардан авах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж өндөрлөлөө.
Медаль гардуулах ёслолын ажиллагаанд UNAMID ажиллагааны хүчний командлагчийн орлогч Бангладеш Улсын хошууч генерал Рахман Мухаммед, хойд секторын командлагч Египет Улсын бригадын генерал Амгад Морси болон хүчний командлагчийн тушаалаар томигдсон бусад албаны төлөөлөгчид оролцсоноос гадна орон нутгийн удирдлагууд болон засгийн газрын цэргийн удирдлага, хөрш Рванда, Йордан Улсын цэргийн багуудын удирдлага, ажиглагч офицерууд оролцов. НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Монгол Улсаа сурталчилсан томоохон арга хэмжээ болсон ба манай цэргийн багийн ЦАХ-чид жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтууд болон урлагийн тоглолт бэлтгэн үзүүлсэн нь зочид төлөөлөгчдөд өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм.
Ёслолын арга хэмжээний үеэр UNAMID ажиллагааны Хүчний командлагчийн орлогч Бангладеш Улсын хошууч генерал Рахман Мухаммед хэлсэн үгэндээ Монгол Улсын цэргийн хээрийн II шатлалын эмнэлэг нь UNAMID ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа нь хойд секторт үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн манаанд найдвартай ар тал болж байгаа төдийгүй эмч мэргэжилтнүүд нь мэргэжлийн болоод цэргийн ур чадвар сайтайгаас гадна орон нутгийн иргэдэд үзүүлж буй эмнэлгийн үйлчилгээ нь цэрэг иргэний харилцааг зохицуулах, баазын аюулгүй байдлыг хангахад ихээхэн тус нэмэр болж байгааг чухалчилан онцолж байсан. Цэргийн багийн албан хаагчдын талаас илүү хувь нь анхны ажиллагаандаа оролцон анхны медалиа гардан авч байсан бол гурав дөрөв дэх ажиллагаанд оролцон медалиа гардан авч буй цэргийн алба хаагчид ч цөөнгүй байлаа. Цэргийн багийг дэд хурандаа Г.Тунгаамаа удирдан ажиллаж байна. Анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн багийг удирдан ажиллаж байгаа юм.