УИХ-ын ээлжит сонгууль МАН-ын ялалтаар өндөрлөөд удаагүй байгаа энэ үед хүмүүс сошиалаар өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тэдэн дунд зарим хүний пост сонирхол татаж байгаа юм. Тухайлахад түүхч, доктор Д.Өлзийбаатар гуайн пост маш олон лайк, коммент, шэйр цуглуулж байна.
Тэрбээр “Demberel Ulziibaatar – Д.Өлзийбаатар
Эдүгээ цагаас 96 жилийн өмнө Ардын намын журмын нөхөд өөрсдийн хэтийн зорилго, улс орныхоо ирээдүйн байдлыг заан зурж өгөөч гэж хэд хэдэн төлөгч нарт хандсан баримт байдаг юм.
Тэдний дотроос Зүүн хүрээний ловон лам Цэрэндорж “та бүхний хэрэг харшлах шалтгаангүй бүтэх бөгөөд улсын ерөнхий байдал төлөгт буусан нь үлгэрлэвээс цаст уулын цагаан арслан ойд эрхшээсэн мэт, хангарьд жигүүрийг дэлгэж агаарт хальсан адил хүчин төгөлдөр болай” хэмээхэд журмын нөхөд бүгдээр урамшин баярлалдсан гэдэг.
Өнөөдөр МАН ард түмнийхээ бүрэн итгэлийг хүлээж сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан жигүүрээ дэлгэн агаарт хальсан хангарьд мэт хүчирхэг болов. Одоо итгэлээ өгсөн АРДЫН ТУСЫГ ТУЙЛААР БОДОХ цаг Ардын намын журмын нөхдийн өмнө тулгарав. Умартахгүй ЗҮТГЭНЭ гэдэгт туйлаас итгэнэм. Иргэн баян бол улс баян. Иргэдээ баяжуулж, улсаа хүчирхэгжүүлэхтүн гэж өвөг дээдэс, ахмад үе маань захисан билээ” гэжээ.