Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үзэж сонирхлоо.
Соёолонгийн уралдааны түрүү магнайд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн буурал соёолон хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн “Унаган хурд” галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэв.
Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Иргэдийн маань санаа сэтгэл ч өөдрөг байна. Тэгш ойн жилийнхээ соёолон насанд хүлэг нь түрүүлсэн Асашёорюү Д.Дагвардорж аваргынхаа галаар зочиллоо. Соёолонгийн тоосонд дарагдаж тэр жилийнхээ хийморийг сэргээнэ гэж монголчууд билэгшээдэг. Энэ насны морины түрүүг авна гэдэг бол үнэхээр хийморьтой байгааг илтгэж байна. Д.Дагвадорж аваргадаа болон түүний галынханд сайн сайхан бүхнийг хүсье гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба