Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьсан юм. Харин энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү ажлын хүрээнд Чингисийн талбайд 2016 оны 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, иргэдийг Нийслэлийн Агаарын чанарын албанд бүртгэж байгаа юм байна.