УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарыг хуулийн байгууллагад шалгуулна

1468907119_batbayr

Өмгөөлөгч Г.Батбаяр, хуульч М.Ичинноров нар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт гарсан маргаантай асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт ямар асуудал гарсан бэ?

– УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын ухуулагч мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлсэнээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн Сүхбаатар овогтой Отгонтуяа өнгөрсөн зургадугаар сарын 3ны өдөр амаржиж хүүтэй болжээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр нэр дэвшигч Чимэдийн Хүрэлбаатарын ухуулагч Бадарчийн Бат-Эрдэнэ гэгч залуу Отгонтуяа болон түүний нөхөр Чулуунбаатар нарт 100 мянган төгрөг өгч, “Заавал явж, Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жип машинаар явуулна” хэмээн гэрээс нь авч гарчээ. Гэвч нялх биетэй нярайгаа тэвэрсэн бүсгүйг жип машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу явуулсан байна. Төрөөд 26 хонож, эрүүл саруул бойжиж байсан Ч.Б… хүү олон хүнтэй машинд нийтдээ 260 гаруй км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орон бие нь муудаж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн бөгөөд долдугаар сарын нэгний өдөр нас баржээ. Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ талийгаач хүүгийн аав ээжид 100 мянган төгрөг өгч, тэдний саналыг худалдаж авсан нь хохирогчдын гомдол бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

– Танд Ч.Хүрэлбаатартай холбоотой хууль зөрчсөн өөр баримтууд бий гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Ч.Хүрэлбаатар 2012 оны сонгуулийн үеэр мөнгө тарааж, түүний туслах болон ухуулагчид ял сонсож байсан. Мөн Увс аймгийн АН-ынхан Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн 51 хувийг Солонгосын “Korea-Mongolia energy Development” компанид 10 сая доллараар Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Чимэдийн Гансүх, Чимэдийн Гантулга, найз Х.Дэмбэрэл нар зарж, мөнгийг нь өөрсдийн хувийн дансаар шилжүүлэн авсан баримтыг олсон байна. Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1,3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоосон байна. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг 68 сая тонн нөөцтэй гэдэг хуурамч дүгнэлт гаргуулсан гэж Увс аймгийн иргэд үзэж байгаа юм билээ.

– Ч.Хүрэлбаатар нарыг хуулийн байгууллагад шалгуулна гэлээ. Ямар үндэслэлээр шалгуулахаар болсон бэ?

– Нэгдүгээрт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д заасан мөнгө, эд зүйл тараах, 70.5.10-д заасан сонгогчийн саналыг татах зорилгоор бусдаар дамжуулан сонгогчид ….. мөнгө, …эд зүйл, …. урамшуулал олгох, 70.5.16-д заасан сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт болон бусад дагалдах хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн.

Хоёрдугаарт, Мөн эрүүгийн хуулийн 82.1-т заасан сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохиосон байж болзошгүй гэх, Эрүүгийн хуулийн 130.1.1-т заасан Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Улсын их хурал, Орон нутгийн хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах гэмт хэргийн хэв шинжийг агуулсан байж болзошгүй.

Гуравдугаарт, Ч.Хүрэлбаатарын ах дүүс Увс аймгийн Бөхмөрөн суман дахь “Хотгор шанага”-ын уурхайн 51 хувийг Солонгосын “Korea-Mongolia energy Development” компанид зарсан үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх, мөн хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаад байна. Ч.Хүрэлбаатарыг Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга зэрэг өндөр алба хашиж байхдаа Эрүүгийн хуулийн 263-т заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 270.1-т зааснаар Хууль бусаар хөрөнгөжих гэсэн заалтуудыг тус тус ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж, АТГ болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.

-Хууль зөрчсөн үйлдлүүд нотлох баримттайгаа байхад аймгийн цагдаа, хууль хяналтын байгууллага уг асуудлыг анхааралгүй орхигдуулсан хэрэг үү?

-УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр мөнгө тараасан нь баримтаар нотлогдож, хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан байхад Увс аймгийн Цагдаа, прокурор, хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16-ын 1-д заасан Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг нягтлан шалгаж цуглуулах үүргээ биелүүлээгүй.

-Эрүүгийн хуулийн 9-ын 1-д заасан Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх хуулийн зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй үйлдэл гаргасан тул эдгээр үйлдлүүдийг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэс, Улсын Ерөнхий прокурорын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргаад байна.

Хорвоод мэндлээд 20 гаруйхан хонож байсан нярай хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож магадгүй дээрхи гэм буруутай этгээдүүдэд Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтын дагуу хариуцлага тооцохоос гадна түүний эцэг эх болох Чулуунбаатар, Отгонтуяа нарт мөн Эрүүгийн хуулийн 94-р зүйлд заасан бусдыг болгоомжгүй алах гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Учир нь МУҮХ-ын 16.1 дэх хэсэгт зааснаар хүн амьд явах эрхтэй. Монгол улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир Улсын дээд шүүхээс цаазаар авах ял буюу ялын дээд хэмжээ оногдуулсанаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэснээр хэн нэгэн этгээд биеэ хамгаалах чадваргүй байсан хүүхдийн үхэлд хариуцлага үүрэх нь зүйн хэрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрх эрх чөлөө, сонгох, сонгогдох, амьд явах эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ хэргийг цаашид хуулийн дагуу шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Б.Нараа

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …