Ази Европын дээд түвшний XI уулзалтын үеэр Онцгой байдлын албаны нийт 1085 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
АСЕМ-ын үндсэн болон дагалдах арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газарт байрлах штабууд болон нэгдсэн хамгаалалтын байрлалуудад байрласан аюулгүй байдлын багцуудтай Онцгой байдлын албаны холбоог ашиглан холбоонд орж мэдээлэл солилцож байв.
Хамгаалалтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх хугацаанд Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн 20 албан хаагч, 3 автомашин, 1 тийрэлтэт завь, 2 хийлдэг завьтай, Аврах тусгай ангийн 7 албан хаагч, 1 автомашин, 1 хийлдэг завьтайгаар Гачуурт-АСЕМ Вилла хотхон, АСЕМ Вилла хотхон-Маршалын гүүр, Маршалын гүүр-Сонсголон чиглэлд завьт эргүүл хийж 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд 3 иргэнийг аварч, 1497 иргэн, 872 автомашиныг хамгаалалтын бүсээс гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийт 3800 гаруй сурталчилгааны материал тарааж 1200 иргэнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг авлаа.
Мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн ачаа тээшинд сэжигтэй зүйл илэрсэн дуудлагыг Нэгдсэн удирдлагын төвөөс авч ажиллахад МУ-ын иргэн М-ын нэр дээр Англи улсаас БНТУ-аар дамжин ирсэн хүүхдийн хөгжимт тоглоомын асаах товч асах горим дээрээ тавигдан дохио өгч байсныг тогтоов. Дээрх дуудлагын үед ОХУ-ын багийн улаан түвшин буюу ажиллагааны бэлэн байдалд шилжүүлэн үүрэг гүйцэтгэв.
Мөн “Чингис хаан” ОУНБуудлын талбайд байрлуулсан ОХУ, Швед Улсын зочдын онгоцны түлш асгарсаныг нисэх буудлын галын алба, аэродромын албатай хамтран асгарсан түлшийг саармагжуулах, аюулгүй болгох арга хэмжээг авсан.
Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг сахин, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллах талаар үүрэг өгч ажилласнаар албаны өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд техник, багаж зэвсэглэмжийн доголдолгүй хэвийн үүрэг гүйцэтгэлээ.
Ази Европын дээд түвшний XI уулзалтын бэлтгэл болон уулзалт зохион байгуулагдах үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын салбар нэгжүүдийн алба хаагчидтай хамтран Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас дүгнэв.
Тус ажиллагаагаар тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын чиглэлийн нэгж, албан хаагчид хамтран нэг удирлага зохион байгуулалтанд орж үүрэг гүйцэтгэсэнээр ажил, арга хэмжээ зохион байгуулалттай, нягт, алдаа дутагдалгүй хэрэгжсэн онцлогтой байсан ба байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа улам сайжирч, туршлага хуримтлуулсан үйл ажиллагаа боллоо.
Мөн тусгайлсан объектод шуурхай штаб байгуулан үүрэг гүйцэтгэх явдал нь ажиллагааны үед байгууллага хоорондоос авах, мэдээ мэдээлэл цаг алдалгүй шуурхай дамжиж, ажиллагааны хугацаа хэд дахин бага, шуурхай байдал бий болж байгаа зэрэг маш олон давуу талууд ажиглагдаж байсан бөгөөд цаашид манай улсад явагдах төрийн өндөр зочин, төлөөлөгчдийн айлчлалын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ болон бусад нийтийг хамарсан арга хэмжээний үед тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдсэн удирдлагад орж чиглэлийн штаб байгуулан ажиллах нь илүү үр дүнтэй байна гэж дүгнэгдлээ.
Онцгой байдлын газар